Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөнийг албан ёсоор тогтоожээ
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ-ын нийт 587,744.1 га талбайгаас 448,993.6 га буюу 76.4 хувь нь энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэрт өртжээ.
Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөнийг БОУАӨЯ албан ёсоор тогтоосноо мэдээлэв.
Нөмрөгийн ДЦГ орчимд гарсан түймрийн талбайн хэмжээг Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн зураглахад түймэрт өртсөн нийт талбай 504,960.4 га болж байна. Зураглалыг ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэжээ.
Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэгт шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээч, ой, ургамлын мэргэжлийн судлаачид оролцож байгаа юм. Ажлын хэсэг техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ