Шатахууны нөөцөө нууж, зохиомол оочер үүсгэсэн ШТС-ын зөвшөөрлийг цуцална

img

 

Улаанбаатар хотод шатахууны оочер, автобусны хүлээгдэл, авто замын түгжрэл иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва аравдугаар сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 264 шатахуун түгээх станцад хяналт тавих ажлын хэсэг ажиллуулахаа мэдэгдлээ.

Түүний мэдээлснээр, Улаанбаатар хотод дизель түлш хангалттай байгаа бөгөөд АИ-92, АИ-95 бензин нийлүүлэгдэж байгаа аж. Шатахуун түгээх станцууд нөөцтэй бол бүх түгээгүүрээрээ борлуулалт хийх, нөөцгүй бол энэ тухайгаа иргэдэд нээлттэй мэдээлэх шаардлагатайг онцолсон байна.

Мөн шатахуун түгээх станцуудын оочер авто замын нэгдүгээр, хоёрдугаар эгнээг хааснаар хөдөлгөөн удааширч, автобус саатах, иргэд удаан хугацаагаар хүлээх нөхцөл үүсэж байгааг дурджээ. Хяналт шалгалтаар шатахууны нөөцтэй атлаа нөөцгүй мэтээр мэдээлэх, зөвхөн нэг түгээгүүрээр үйлчилж зохиомол оочер үүсгэх зөрчил илэрвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрөл, ШТС-ын газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэв.

Аравдугаар сарын 26-ны 18:00 цагийн орчимд шатахууны хомсдолоос шалтгаалан хотын төвийн 18 ШТС-д оочер үүсэж, замын хөдөлгөөний дундаж хурд цагт 3 км хүртэл буурч, хөдөлгөөн бараг бүрэн зогссон байна. Нийслэлийн зүгээс шатахууны нийлүүлэлт, түгээлтэд холбогдох байгууллагуудтай хамтран зохицуулалт хийж байгаагаа мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ