Нефтийн үнэ буурсан ч нийлүүлэлтийн эрсдэл хэвээр байна
Ойрхи Дорнодод мөргөлдөөнийг зогсоох дипломат хүчин чармайлт сэргэх төлөв ажиглагдсанаар дэлхийн зах зээлд нефтийн үнэ пүрэв гарагт буурсан ч эрчим хүчний нийлүүлэлт тасалдах эрсдэл хэвээр байна. Reuters агентлагийн мэдээлснээр, аравдугаар сарын 29-ний Азийн арилжааны үеэр Brent маркийн нефтийн фьючерсийн үнэ баррель тутамд 114.10 ам.доллар болж, өмнөх өдрийнхөөс 1.1 хувиар буурчээ. АНУ-ын West Texas Intermediate (WTI) маркийн нефтийн үнэ мөн 1.3 хувиар буурч, 101.45 ам.доллар болсон байна. Үнийн бууралтад АНУ, Ираны хоорондын хэлэлцээг сэргээх оролдлого нөлөөлжээ. Reuters-ийн мэдээлснээр, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд захидал илгээж, хэлэлцээг дахин эхлүүлэхийг зорьсон байна. Мөн Катарын зуучлагчид мөргөлдөөнийг зогсоох шинэ саналын төслийг Ираны талд хүргүүлжээ. Гэвч Ираны өндөр албан тушаалтан уг төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаар эх сурвалж мэдээлсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд дипломат арга замаар шийдвэрлэх боломжийг нээлттэй хэвээр байгаа. Нөгөө талаас Йемений хусит бүлэглэл болон Саудын Арабын хоорондын мөргөлдөөн хурцдаж, бүс нутгийн газрын тосны дэд бүтэц, тээвэрлэлтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна. Хуситууд Саудын Арабын томоохон нефть боловсруулах үйлдвэрийг пуужингаар харвасан гэж мэдэгдсэн боловч Саудын тал уг халдлагыг тухайн үед албан ёсоор баталгаажуулаагүй байна. Персийн булангаас дэлхийн зах зээлд нийлүүлдэг газрын тосны урсгалд саад учирвал эрчим хүчний үнэ дахин өсөх эрсдэлтэй. Түүнчлэн нефтийн тээвэрлэлтийн зардал, даатгалын төлбөр нэмэгдэх нь газрын тосны эцсийн үнэд нөлөөлж байна. Монгол Улсад үзүүлэх боломжит нөлөө Монгол Улс шатахууны импортоос өндөр хамааралтай тул дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлт нь импортын зардал, тээврийн тариф, үйлдвэрлэлийн өртөг болон өргөн хэрэглээний барааны үнэд дарамт үүсгэж болзошгүй. Гэхдээ олон улсын зах зээл дэх нефтийн үнэ өөрчлөгдсөнөөр Монголын шатахууны жижиглэнгийн үнэ шууд, ижил хэмжээгээр өөрчлөгдөнө гэсэн үг биш. Импортын гэрээ, нийлүүлэлтийн нөхцөл, валютын ханш, татвар болон дотоодын үнийн зохицуулалт зэрэг хүчин зүйл нөлөөлнө. Одоогоор зах зээл энхийн хэлэлцээ бодит үр дүнд хүрэх эсэх болон Ойрх Дорнодын эрчим хүчний нийлүүлэлт хэвийн үргэлжлэх эсэхийг анхааралтай ажиглаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ