ТРАМП КОНГРЕССЫН ХЯНАЛТААС ҮЛ ХАМААРАН ЗАСАГЛАХАД БЭЛТГЭЖ БАЙНА

img

 

Трамп Конгрессын хяналтыг алдсан ч Ерөнхийлөгчийн эрх мэдлээр бодлогоо хэрэгжүүлэхэд бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах нам 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулиар олонхын байр сууриа алдах эрсдэлтэй тулгарч байна. Үүнтэй холбоотойгоор Цагаан ордон Ардчилсан нам Конгрессын хяналтыг авсан тохиолдолд Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийг ашиглан бодлогын хөтөлбөрөө үргэлжлүүлэх хувилбаруудыг хэдэн сарын турш боловсруулжээ.

Тодруулбал, Трампын захиргаа Конгрессын зөвшөөрөл шаардахгүйгээр хэрэгжүүлж болох бодлогын арга хэмжээг тодорхойлж, тэдгээрийн эрх зүйн үндэслэлийг судалж байгаа аж. Үүний зэрэгцээ Ардчилсан нам Конгрессын хяналтыг авбал Трампын засаг захиргааны албан тушаалтнуудыг шалгах, мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлэх магадлалтай тул үүнд ч урьдчилан бэлтгэж байгаа талаар “Global News Canada” мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Стивен Миллер, Төсөв, удирдлагын газрын дарга Рассел Воут нар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Цагаан ордны Хууль зүйн зөвлөхийн газартай хамтран ажиллаж байгаа аж. Тэд цагаачлал, гаалийн татвар, орон сууцны үнэ болон холбооны төсвийн зарцуулалттай холбоотой ямар арга хэмжээг Конгрессын зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх боломжтойг судалж байгааг нэрээ нууцалсан эх сурвалжууд тус агентлагт мэдээлсэн байна.

Цагаан ордны хуулийн зөвлөх Уилл Шарф болон түүний баг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд авч болох арга хэмжээ, түүний хязгаарыг хэрхэн тэлэх боломж, мөн гаргасан шийдвэрээ шүүхийн шатанд хэрхэн хамгаалах талаар хувилбарууд боловсруулж байгаа аж.

Цагаан ордон Конгрессын хяналтаас гадуур ажиллах хувилбаруудыг судалж байна

Одоогийн байдлаар Бүгд найрамдах нам Төлөөлөгчдийн танхимд 218:214, Сенатад 53:47 гэсэн харьцаагаар олонхыг бүрдүүлж байна. Ардчилсан нам Конгрессын хоёр танхимын аль нэгэнд олонх болохын тулд дор хаяж дөрвөн суудлын зөрүүг өөрчлөх шаардлагатай.

Санал асуулгуудын дүнгээр Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд олонх болох боломж өндөр байгаа бол Сенатын сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад илүү төвөгтэй байна.

Трамп сүүлийн нэг сарын хугацаанд улс орон даяар сонгуулийн кампанит ажил өрнүүлж, Бүгд найрамдах намын Конгресс дахь олонхыг хадгалж үлдэхийн төлөө ажилласан. Харин Цагаан ордон нам сонгуульд ялагдах магадлалтай гэсэн таамгийг няцааж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бодит байдалд нийцэхгүй мэдээлэл түгээж байна хэмээн шүүмжилжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Лорен Бис Трампын захиргаа хилийн аюулгүй байдлыг хангах, хууль ёс, дэг журмыг сэргээх, хөдөлмөр эрхэлдэг америкчуудын амьжиргааг дээшлүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Гэсэн хэдий ч сонгуулийн үр дүнгээс үл хамааран бодлогоо үргэлжлүүлэх бэлтгэл Цагаан ордонд хэдийнэ эхэлжээ. Холбооны засгийн газрын байгууллагууд Конгрессын оролцоогүйгээр бие даан хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний жагсаалт гаргаж, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Тухайлбал, Төсөв, удирдлагын газрын дарга Рассел Воут Конгрессоос өмнө нь баталсан төсвийг Трампын захиргааны тэргүүлэх зорилтуудад хэрхэн ашиглах боломжтойг судалж байгаа аж.

Мөн холбооны засгийн газраас мужуудад олгодог буцалтгүй тусламжийн нөхцөл, журмыг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Ингэснээр холбооны төсвийн хөрөнгийг ямар хөтөлбөрт хуваарилах шийдвэрт Цагаан ордны томилсон албан тушаалтнуудын нөлөө нэмэгдэх боломжтой гэж эх сурвалжууд тайлбарлажээ.

Эдгээр төлөвлөгөөний талаар Трампад танилцуулж, хэлэлцүүлэгт өөрийг нь оролцуулсан байна. Ардчилсан нам Конгресст олонх болсон нөхцөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан засаглахад Трамп хэр бэлэн байгааг асуухад Цагаан ордны эх сурвалж “Бүрэн бэлэн” хэмээн хариулжээ.

Трамп гүйцэтгэх эрх мэдлээ цаашид ч өргөн ашиглах уу?

Трамп 2025 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирснээсээ хойш гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүрээг хэд хэдэн удаа сорьсон. Тэрбээр ерөнхийлөгчийн шийдвэр, захирамжид тулгуурлан олон улсын худалдаанд гаалийн татвар ногдуулах, цагаачлалын хяналтыг чангатгах, холбооны төрийн албан хаагчдын тоог бууруулах зэрэг бодлого хэрэгжүүлсэн.

Мөн Ирантай холбоотой дайн зэрэг гадаад бодлогын зарим шийдвэрийг Конгрессоос шинэ хууль батлуулахгүйгээр хэрэгжүүлсэн нь Ерөнхийлөгч болон хууль тогтоох байгууллагын эрх мэдлийн заагийн талаарх маргааныг улам хурцатгаж байна.

“Inside Elections” хэвлэлийн редактор Нэйтан Гонзалесийн үзэж буйгаар, Трамп сүүлийн хоёр жилийн хугацаанд Конгрессын үүргийг үл тоомсорлон, Ерөнхийлөгчийн зарлиг болон гүйцэтгэх эрх мэдлээр дамжуулан бодлогоо хэрэгжүүлэхийг түлхүү зорьжээ. Тиймээс Ардчилсан нам Конгресст олонх болсон ч Трамп энэ арга барилаа үргэлжлүүлэх магадлалтай гэж тэр дүгнэсэн байна.

Австралиас АНУ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байсан Жо Хокэй ч Трампын засаглалын арга барилд Конгрессын олонхын дэмжлэг шийдвэрлэх ач холбогдолгүй болж байгааг онцолжээ. Түүний хэлснээр, Трамп Ерөнхийлөгчийн гүйцэтгэх захирамжаар дамжуулан засаглахыг илүүд үзэж байгаа бололтой.

Трамп өмнө нь ч Конгрессоор шинэ хууль батлуулахгүйгээр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд онц байдал зарлах эрхээ ашиглаж байсан. Хэдийгээр Конгресс онц байдлыг цуцлах санал хураалт явуулах боломжтой ч Ерөнхийлөгч уг шийдвэрт хориг тавьж болно. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгохын тулд Конгрессын хоёр танхимын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай.

Ардчилсан нам олонх болбол Трампын эрх мэдэлд ямар хязгаар тавьж чадах вэ?

Гэсэн хэдий ч Ардчилсан нам Конгрессын хяналтыг авсан тохиолдолд Трампын захиргаанд бодит саад учруулах хэд хэдэн боломжтой.

Нэгдүгээрт, Сенатад олонх болсон тохиолдолд Трампын шүүх болон гүйцэтгэх засаглалын өндөр албан тушаалд нэр дэвшүүлсэн хүмүүсийг батлахаас татгалзах боломжтой. Ингэснээр Ерөнхийлөгчийн томилгооны бодлогод улс төрийн томоохон саад үүснэ.

Теннесси их сургуулийн төрийн бодлогын профессор Эндрю Бушийн үзэж буйгаар, Ардчилсан нам Сенатын олонх болсон нөхцөлд Трампын томилгоонд маш болгоомжтой хандаж, нэр дэвшигчдийн ихэнхийг нь дэмжихгүй байх магадлалтай.

Хоёрдугаарт, Конгресс мөрдөн шалгах, хяналт тавих бүрэн эрхээ ашиглан Трампын захиргааны үйл ажиллагааг шалгаж болно. Төлөөлөгчдийн танхимын холбогдох хороод сонсгол зохион байгуулах, баримт бичиг шаардах, албан тушаалтнуудыг мэдүүлэг өгөхөд дуудах замаар Цагаан ордонд улс төрийн болон хууль эрх зүйн дарамт үзүүлэх боломжтой.

Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнээс давсан, хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэрүүдийг шүүх хүчингүй болгох боломжтой. Тиймээс Цагаан ордон боломжит шүүхийн маргаанд хэрхэн хариу өгөх, ямар эрх зүйн үндэслэлээр шийдвэрээ хамгаалах талаар Хууль зүйн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Ийнхүү 2026 оны завсрын сонгууль нь зөвхөн Конгресс дахь намын хүчний харьцааг өөрчлөхөөс гадна АНУ-ын Ерөнхийлөгч, хууль тогтоох байгууллагын эрх мэдлийн тэнцвэрт цаашид ямар өөрчлөлт гарахыг тодорхойлох улс төрийн чухал сорилт болж байна. Ардчилсан нам олонх болсон ч Трампын бодлогыг бүрэн зогсоох боломжгүй ч түүний засаглалд тавих хяналт, улс төрийн хариуцлагын механизмыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ