М.ОНОН: БИЧЛЭГТ БИ БАЙГААГҮЙГ НОТЛОХ БАРИМТ БИЙ

img

 

“10 саяын” гэх бичлэгт нэр холбогдсон М.Онон өөрийгөө буруутай гэх мэдээллийг няцааж, цагдаад ханджээ

Төмөр замын газрын Тээврийн удирдлагын газрын даргын үүргийг гүйцэтгэгч М.Онон олон нийтийн сүлжээнд тархсан “10 сая төгрөгийн” гэх мөнгөн гүйлгээтэй холбоотой бичлэгт өөрийн нэр, зураг, албан тушаалыг үндэслэлгүйгээр холбон нийтэлж байгааг мэдэгджээ.

Тодруулбал, энэ сарын 1-нээс “madina.dina08” нэртэй Instagram хаягаар төмөр замын удирдах албан тушаалтантай холбоотой гэх 10 сая төгрөгийн мөнгөн гүйлгээний тухай бичлэг нийтлэгдсэн. Уг мэдээлэл цахим орчинд тархах үеэр М.Ононгийн нэр, гэрэл зураг, албан тушаалыг дурдсан нь түүнийг олон нийтийн анхаарлын төвд оруулсан. 

Харин М.Онон уг үйл явдалд оролцоогүй бөгөөд өөрийг нь мэдээлэлд холбосон нь үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, тухайн үйл явдал болсон гэх үед гэр бүлийнхээ хамт амарч байсан бөгөөд үүнийг нотлох камерын бичлэг болон бусад баримт байгаа аж. Мөн анх бичлэг нийтэлсэн иргэн дараа нь хийсэн тайлбартаа хамт байсан хүн өөрийгөө төмөр замын дарга гэж танилцуулсан боловч үнэн хэрэгтээ тус салбарын дарга биш байсан талаар мэдээлсэн гэдгийг М.Онон дурджээ. Тэрбээр өөрийн нэр хүндээс гадна төмөр замын салбарын ажилтан, инженер, техникийн ажилтнуудын ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ хамгаалуулахаар цагдаагийн байгууллагад холбогдох хүсэлт, гомдол гаргасан бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэгджээ. Түүнчлэн уг мэдээллийг нягтлалгүйгээр өөрийнх нь нэр, зургийг ашиглан түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллага, цахим хуудсуудыг мэдээллээ залруулахыг хүссэн байна. М.Онон өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 11:30 цагт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн гадна хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр товложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ