Зарим улс оронд шатахууны хомсдол нүүрлээд байна

img

Дэлхийн зарим улс шатахууны хомсдолд орж, иргэд нь шатахуун авахын тулд олон хоногоор дараалалд зогсох, нийтийн тээврийн үйлчилгээ хязгаарлагдах нөхцөл үүсжээ. Тухайлбал, Африкийн Малави, Азийн Пакистан, Карибын тэнгисийн Куба улсад шатахууны нийлүүлэлтийн хүндрэл иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж байна.

Малави: Жолооч нар шатахуун авахын тулд найман хоног хүлээж байна

Африкийн Малави улсад шатахууны хомсдол даамжирч, жолооч нар шатахуун түгээх станцын гадна хэдэн өдөр, шөнөөр дараалалд хүлээх болжээ.

The Guardian сонины аравдугаар сарын 21-ний сурвалжилгад Зомба хотын нэгэн микроавтобусны жолооч шатахуун авахын тулд найман хоног автомашиндаа хонож буй талаар мэдээлсэн байна. Шатахуун олдохгүйгээс такси, мотоциклын жолооч нар ажиллаж чадахгүй, орлогогүй болж, өр зээл тавихад хүрчээ.

Мөн шатахууны хомсдол нийтийн тээврийн үнийг өсгөсөн байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Блантайр хотод микроавтобусны үнэ 1,500 квачаас 4,000 квача болж нэмэгджээ. Хар зах дээр шатахууны үнэ литр тутамд 20,000 квач хүрсэн байна.

Пакистан: Төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжив

Пакистанд шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор Засгийн газар төрийн зардлыг танах, түлшний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Аравдугаар сарын сүүлчээр бензиний үнэ литр тутамд 379.25, дизель түлшний үнэ 395.82 пакистан рупид хүрсэн байна.

Үүний хариуд төрийн албан хаагчдын автомашины шатахууны хангамжийг гурван сарын хугацаанд 50 хувиар бууруулж, шинэ автомашин худалдан авах болон гадаад томилолтыг түр хоригложээ. Мөн мотоцикл, рикша болон хөдөлгүүрийн багтаамж нь 800 см³ хүртэлх автомашин эзэмшигчдэд шатахууны литр тутамд 100 рупийн татаас олгох хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Куба: Хот хоорондын автобусны үйлчилгээ эрс буурав

Кубад шатахууны хомсдол гүнзгийрснээр хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрс хумигджээ.

Reuters агентлагийн аравдугаар сарын сүүлээр мэдээлснээр, Хавана хотоос орон нутаг руу өдөрт явдаг автобусны тоо 419-өөс ердөө 11 болж буурсан байна. Улс даяар автобусны чиглэл 100 гаруй байснаас 21 болж цөөрчээ.

Шатахууны хомсдол цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтэд ч нөлөөлж, зарим бүс нутагт цахилгаан тасрах нь бүтэн хоногоор үргэлжилж байгаа аж.

Ийнхүү шатахууны нийлүүлэлтийн хүндрэл зөвхөн шатахуун түгээх станцын дараалал үүсгээд зогсохгүй нийтийн тээвэр, өрхийн орлого, бараа үйлчилгээний үнэ болон эрчим хүчний хангамжид хүртэл нөлөөлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ