ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ

img

 

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд шууд мөнгөн хэлбэрээр олгох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Ерөнхийлөгчийн зүгээс иргэдийн саналд тулгуурлан байгалийн баялгийн өгөөжийг хүртээх шаардлагатайг онцолсон бол эдийн засагчид уг шийдвэр инфляц, валютын ханш, үндэсний үйлдвэрлэл болон Баялгийн сангийн ирээдүйд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж байна. Байгалийн баялгийн орлогыг иргэдэд шууд тараах нь бодитой шийдэл мөн эсэх талаар эдийн засагчдын байр суурь харилцан адилгүй байна.

БЭЛЭН МӨНГӨНИЙ ТАРААЛТ ИНФЛЯЦЫГ ӨӨРЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ

Эдийн засагч Б.Лакшмигийн үзэж буйгаар иргэдэд их хэмжээний мөнгийг нэг дор олгох нь богино болон урт хугацаанд эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Тодруулбал, иргэдийн гар дээр очсон мөнгөний дийлэнх нь хэрэглээнд зарцуулагдах тул бараа, бүтээгдэхүүний эрэлт богино хугацаанд огцом нэмэгдэнэ. Харин нийлүүлэлт үүнтэй зэрэгцэн өсөхгүй бол үнийн өсөлт эрчимжих нөхцөл бүрдэх юм. Мөн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь төгрөгийн ханш болон гадаад валютын зах зээлд дарамт учруулж болзошгүй. Үүний цаашдын үр дагаварт дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сулрах, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл бий болох зэрэг эрсдэл багтаж байгааг тэрбээр тайлбарлажээ.

НОГДОЛ АШИГ ТАРААХААС ӨМНӨ БОДИТ ОРЛОГОО ТООЦОХ ЁСТОЙ

Эдийн засагч Р.Даваадоржийн хувьд асуудлын гол нь иргэдэд мөнгө олгох эсэхээс илүүтэй тухайн мөнгө бодитоор бий болсон эсэх, ямар эх үүсвэрээс санхүүжих вэ гэдэгт байна. Тэрбээр компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан эцэслээгүй, хуваарилах боломжтой цэвэр ашиг тодорхой болоогүй байхад ногдол ашиг тараах тухай ярих нь санхүүгийн үндэслэлгүй хүлээлт үүсгэж болзошгүйг шүүмжилсэн байна. Ногдол ашиг гэдэг нь улс төрийн амлалтаар бий болдог мөнгө биш. Компанийн бодитоор олсон, хууль ёсоор хуваарилах боломжтой ашгаас бүрдэх ёстой. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг богино хугацааны хэрэглээг дэмжих зорилгоор ашиглах нь сангийн үндсэн чиг үүрэг болох хуримтлал, урт хугацааны хөрөнгө оруулалтыг сулруулах эрсдэлтэй гэж үзжээ. Мөн тэрбээр Оюутолгойн баяжмалын экспортод үүссэн гэх хүндрэлүүдийн бодит шалтгааныг тодруулж, юуны өмнө экспорт, орлогын урсгалыг хэвийн болгох шаардлагатайг онцолсон байна. Эдийн засгийн ийм хэмжээний шийдвэр гаргахын өмнө Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар зэрэг байгууллага хараат бус үнэлгээ хийж, инфляц, валютын ханш, төсвийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийг олон нийтэд ил тод мэдээлэх ёстой гэж үзжээ.

ХУУЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ НЬ МӨНГӨНӨӨСӨӨ Ч ЧУХАЛ

Эдийн засагч Г.Батхуяг энэ асуудлыг зөвхөн мөнгөний бодлого, инфляцын хүрээнд авч үзэх нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Түүний анхааруулснаар ногдол ашгийг шууд тараах шийдвэр нь төгрөгийн ханш, гадаад төлбөрийн тэнцэлд нөлөөлөхөөс гадна хууль эрх зүйн тогтвортой байдалд эргэлзээ үүсгэх эрсдэлтэй. Тэрбээр инфляцын сөрөг нөлөө тодорхой хугацааны дараа намжиж болох ч Баялгийн сангийн хууль улс төрийн шаардлагаар өөрчлөгддөг гэсэн ойлголт олон жил хадгалагдаж болзошгүйг онцолжээ. Хэрэв иргэдэд ногдол ашгийн тодорхой хэсгийг хүртээх шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл хуулийн үндсэн зарчмыг хадгалсан, нарийн зохицуулалттай хувилбар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж санал болгосон байна. Тухайлбал, зөвхөн аудитын баталгаатай, бодитоор орж ирсэн ногдол ашгаас тодорхой хувийг тооцож, хоёр жил дараалан орлого төвлөрсний дараа олгох зохицуулалт хийх боломжтой гэжээ. Ингэснээр иргэд баялгийн өгөөжөөс хүртэх зарчмыг хадгалахын зэрэгцээ нэг удаагийн их хэмжээний мөнгөн урсгалаас үүсэх эдийн засгийн цочролыг бууруулах боломжтой гэж үзсэн байна.

ИРГЭДИЙН ХУРИМТЛАЛЫГ ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОХ САНАЛ

Харин эдийн засагч А.Энхбат иргэдэд ногдох баялгийн өгөөжийг шууд бэлэн мөнгөөр олгохын оронд хуримтлалын хэлбэрээр баталгаажуулах хувилбарыг дэвшүүлжээ. Түүний санал болгож буйгаар Үндсэн хууль болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу байгалийн баялгийн орлогыг Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэн бүрийн нэрийн дансанд бүртгэх шаардлагатай. Үүний дараа нийгэм, дэд бүтцийн ач холбогдолтой, техник эдийн засгийн үндэслэл болон үр ашгийн тооцоотой төслүүдийг санхүүжүүлэхэд Засгийн газар иргэдийн хуримтлалаас хүүтэй зээл авах боломжийг судалж болох аж. Энэ хувилбар нь иргэдийн баялгаас хүртэх эрхийг хадгалахын зэрэгцээ хуримтлалд хүүгийн орлого бий болгох давуу талтай гэж тэрбээр тайлбарласан байна. Харин гурван их наяд төгрөг орчим хэмжээний хөрөнгийг шууд бэлнээр тараах нь эдийн засагт томоохон эрсдэл үүсгэж болзошгүйг анхааруулжээ. Эцэст нь, Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх асуудал нь зөвхөн мөнгө тараах эсэх тухай маргаан биш юм. Байгалийн баялгийн өгөөжийг өнөөдрийн өрхийн амьжиргаанд зарцуулах уу, эсвэл ирээдүйн урт хугацааны хуримтлал, хөрөнгө оруулалт болгон хадгалах уу гэдэг бодлогын томоохон сонголт болж байна. Энэ шийдвэрийн үр дагаврыг улс төрийн амлалтаар бус, эдийн засгийн бодит тооцоо, ил тод үндэслэлээр тодорхойлох шаардлагатай байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ