Х.НЯМБААТАРЫН НӨЛӨӨГ ТАСЛАХ УУ, ЭСВЭЛ Б.ПҮРЭВДАГВЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУВААЛЦАХ УУ?
11 дүгээр сарын 7-ны Нийслэлийн МАН-ын Бага хурал дарга сонгох төдий үйл явдал биш. Энэ бол нийслэлийн намын дараагийн хоёр жилийн улс төрийн хүчний харьцааг тогтоох хурал юм.
Нийслэлийн МАН-ын хорооны даргын суудал Х.Нямбаатараас Б.Пүрэвдагвад шилжих зураглал үндсэндээ тодорлоо. Хамгийн сонирхолтой нь энэ шилжилт өрсөлдөгчөө илт ялж, нөгөөгөө бүрэн шахсан байдлаар бус, харин нам доторх өөр өөр бүлэглэлийн ашиг сонирхлыг зэрэг хангах замаар хэрэгжиж байна. Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй, Б.Пүрэвдагвыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох нь нэгэнт ойлгомжтой болчихсон юм. Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Н.Алтаншагай ч Х.Нямбаатар цахимаар оролцож, тайлангаа тавих байх хэмээн мэдээлсэн юм.
Х.Нямбаатар нийслэлийн намын даргын албан тушаалаа өгөх нь түүний улс төрийн нөлөө нийслэлээс арчигдана гэсэн үг биш. Учир нь намын даргын суудал бол эрх мэдлийн зөвхөн нэг хэсэг. Харин намын хороонд хэн үлдэх, дүүргүүдэд хэн ажиллах, шийдвэр гаргах түвшинд хэн төлөөлөлтэй байх нь улс төрийн бодит нөлөөг тодорхойлно. Тиймээс арваннэгдүгээр сарын 7-нд болох Нийслэлийн МАН-ын Бага хурлыг зөвхөн шинэ дарга сонгох хурал гэж харах нь учир дутагдалтай. Энэ хурлаар нийслэлийн намын дараагийн удирдлагын бүтэц, нөлөөллийн хүрээ, дотоод хүчний харьцаа үндсэндээ тодорхой болно. МАН-ын дүрэмд нийслэлийн намын удирдлагыг сонгох асуудлыг тодорхой зохицуулсан байдаг. Тухайлбал, 12.1.6-д аймаг, нийслэлийн намын хорооны даргыг Бага хурлаас сонгохоор заасан бол 12.1.5-д намын хороо, хяналтын хорооны бүрэлдэхүүн болон тоог тогтоох эрхийг Бага хуралд хамааруулжээ. Мөн 14.1.4, 14.1.5-д дэд дарга болон Тэргүүлэгчдийг сонгох асуудлыг тусгасан байна. Тэргүүлэгчид нь намын хорооны өдөр тутмын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилтэд голлох үүрэгтэй бөгөөд дарга, дэд даргаас гадна 13-23 хүний бүрэлдэхүүнтэй байхаар зохицуулжээ. Намын дүрэмд заасан дээрх зохицуулалтаас анзаарах хэрэгтэй нэг зүйл бол Б.Пүрэвдагва даргаар сонгогдлоо ч нийслэлийн намын бүх эрх мэдэл түүний гарт шууд төвлөрөхгүй. Тэрбээр өөрийн дэд дарга хэн байх, намын хороонд ямар хүмүүс багтах, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд хэнийг оруулах асуудлаар гишүүдтэй тохиролцох шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, Пүрэвдагвын жинхэнэ улс төрийн хүчийг сонгуулийн үр дүн бус, сонгуулийн дараа бүрдэх баг нь харуулна. Тэр өөрийн хүмүүсээр шийдвэр гаргах түвшний бүтцийг бүрдүүлж чадах уу, эсвэл өмнөх удирдлагын үеийн нөлөөллийг тодорхой хэмжээнд хадгалах уу гэдэг нь шинэ даргын анхны том сорилт юм. Хоёр дүүргийн томилгоо эрх мэдлийн шинэ зураглалыг урьдчилан харуулж байна. Нийслэлийн МАН-ын удирдлага солигдохтой зэрэгцэн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт Засаг даргын сэлгээ хийгдсэн нь анхаарал татаж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармаа, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөө томилогдсон нь нийслэлийн улс төрийн хүрээнд өрнөж буй өөрчлөлтийн нэг хэсэг юм. Дүүргийн Засаг даргын томилгоо гэдэг зөвхөн төрийн захиргааны албан тушаалын асуудал биш. Дүүрэг бүр намын гишүүд, анхан шатны байгууллага, сонгуулийн зохион байгуулалт, орон нутгийн улс төрийн нөлөөллийн чухал төв байдаг. Тиймээс дүүргүүдийн удирдлагад хэн ажиллах вэ гэдэг нь нийслэлийн намын даргын хувьд чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн сэлгээнээс нэг зүйлийг анзаарч болно. Өмнөх удирдлагын үед ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь нэг дор зайлуулахын оронд заримынх нь албан тушаал, чиг үүргийг өөрчилж, заримд нь шинэ боломж олгосон дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, Ц.Баттөрийг улс төрийн тавцангаас бүрэн холдуулалгүй, төсөл, хөтөлбөр хариуцсан чиглэлд шилжүүлсэн тухай мэдээлэл бий. Энэ нь шинэ удирдлага хуучин багийн нөлөөг бүрэн таслах бус, тодорхой хүрээнд хадгалж, өөрийн багтайгаа зэрэгцүүлэн ажиллуулах хувилбарыг сонгож байж болохыг харуулна. Х.Нямбаатарын багийг шахсангүй, Г.Занданшатарын хүрээлэлд ч орон зай үлдээжээ. Нийслэлийн МАН-ын дотоод өөрчлөлтөөс харилцан ашиг сонирхлоо тооцсон зохицуулалт явагджээ гэж харж болохоор байна. Х.Нямбаатарын үед бий болсон улс төрийн холбоо, дэмжлэгийн сүлжээ нэг өдрийн дотор үгүй болохгүй. Үүнтэй адил Г.Занданшатарын улс төрийн хүрээлэлтэй холбоотой хүмүүс нийслэлийн түвшинд байр сууриа хадгалсан хэвээрээ байна. Ийм нөхцөлд Б.Пүрэвдагвын хувьд өмнөх удирдлагын хүмүүсийг бүхэлд нь шахаж гаргах нь улс төрийн хувьд оновчтой алхам биш. Харин тэдний тодорхой хэсгийг системд нь үлдээж, шинэ багийнхаа нөлөөг үе шаттай нэмэгдүүлэх нь илүү тогтвортой хувилбар байж болно. Улс төрийн томилгоо бүр цэвэр ялалт, ялагдлын хэмжүүр байдаггүй. Заримдаа хэнийг авч үлдэх, хэнд ямар байр суурь санал болгох нь хэнийг халснаас ч илүү ихийг өгүүлдэг. Энэ удаагийн өөрчлөлтөөс ч ийм дохио уншигдаж байна. Тиймээс нийслэлийн МАН-д өрнөж буй үйл явцыг Х.Нямбаатарын баг бүрэн шахагдсан, Б.Пүрэвдагвын баг дангаар ноёрхох болсон гэж дүгнэхэд эрт. Харин талуудын нөлөөллийг тодорхой хэмжээнд хадгалсан, шинэ удирдлагын дор дахин хуваарилах оролдлого гэж харах үндэстэй.
Б.Пүрэвдагвын өмнөх хамгийн том сорилт бол өөрийн багийг бүрдүүлэх
Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн намын дарга болох Б.Пүрэвдагвын хувьд улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх боломж нээгдэж байна. Гэхдээ хоёр албан тушаал нэг хүнд төвлөрлөө гээд нийслэлийн улс төрийн бүх зангилаа нэг гарт орно гэсэн үг биш. Тэрбээр нэг талаас өөрийн багийг бүрдүүлэх, нөгөө талаас өмнөх удирдлагын үеэс үлдсэн улс төрийн нөлөөллийг зохицуулах шаардлагатай. Хуучин хүмүүсийг хэт шахвал дотоод эсэргүүцэлтэй тулгарна. Харин хэт их буулт хийвэл шинэ удирдлагын нэр төдий болж, шийдвэр гаргах бодит нөлөө нь хязгаарлагдаж мэднэ. Энэ хоёрын дундаас улс төрийн зөв тэнцвэр олох нь Б.Пүрэвдагвын дараагийн хоёр жилийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл болно. Арваннэгдүгээр сарын 7-ны Бага хурлын дараа анхаарал хандуулах гурван зүйл бий. Нэгдүгээрт, дэд даргын суудалд хэнийг сонгох, Хоёрдугаарт, намын хорооны шинэ бүрэлдэхүүнд өмнөх удирдлагын хүмүүс хэр хэмжээнд үлдэх вэ. Гуравдугаарт, тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд хэний нөлөө давамгайлах бол. Эдгээр шийдвэрээс Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ыг үнэхээр өөрийн удирдлагад нэгтгэж чадсан уу, эсвэл өмнөх улс төрийн хүчний харьцааг хадгалсан эвслийн шинжтэй бүтэц бий болов уу гэдэг нь тодорхой болно. Эцсийн дүндээ 11 дүгээр сарын 7 бол Нийслэлийн МАН-ын эрх мэдлийг хэнтэй хуваалцах, хэнийг өөртөө татах, хэнийг шийдвэр гаргах хүрээнээс холдуулах вэ гэдэг дараагийн хоёр жилийн улс төрийн тоглолтын эхлэл юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ