САНГИЙН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ТЭРСЛЭВ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд шууд хүртээх чиглэлийг Засгийн газарт өгсөн. Харин өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан бэлэн мөнгө тараах нь инфляцыг 2-3 нэгж хувиар нэмэгдүүлэх эрсдэлтэйг анхааруулж, Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэчихлээ. Энэ бол Монголын төр уул уурхайн баялгийн өгөөжийг иргэдэд хэрхэн хүргэх тухай бодлогын сонголтын өмнө ирсний илрэл юм. Нэг талдаа 100 мянга гаруй иргэний дэмжлэг авсан санал байгаа хэдий ч эдийн засгийн тогтвортой байдал, үнийн өсөлтийн эрсдэл ч бий. Ерөнхийлөгч иргэдийн хүлээлтийг улс төрийн түвшинд илэрхийлж, Засгийн газар түүнийг эдийн засгийн бодит нөхцөлтэй нийцүүлэх үүрэг хүлээж буй. Гэхдээ иргэн бүрд 857 мянган төгрөг шилжүүлснээр баялгийн өгөөж хүртэж байгаа хэрэг мөн үү, эсвэл инфляцын өсөлтөөр тэр мөнгөнийхөө худалдан авах чадварыг буцаан алдах уу? гэдгийг тооцох л ёстой байх. Өнөөдөр инфляц аль хэдийн иргэдийн амьдралд дарамт болж байна. Хэрэв зах зээлд их хэмжээний мөнгө нэгэн зэрэг нийлүүлэгдэж, харин бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, шатахуун, махны хангамж дорвитой нэмэгдэхгүй бол иргэдийн дансанд орсон мөнгө үнийн өсөлтөд шингэх эрсдэлтэй. Гэхдээ нөгөө талаас уул уурхайн баялгийн өгөөжийг зөвхөн ирээдүйн хуримтлал, томоохон бүтээн байгуулалтаар хэмжиж, өнөөдрийн амьдралын дарамтыг үүрч буй иргэдийн хүсэлтийг үл тоомсорлож болохгүйг ч сонгуулийн өмнөх эгзэгтэй үед үл тоож болохгүй л юм. Ерөнхийлөгч иргэдийн хүсэлтийг дэмжиж үүрэгдэж болох ч Засгийн газар уг шийдвэрийн эдийн засгийн үр дагаврыг хариуцах ёстой учраас долоо хэмжиж нэг огтол, эсхүл өнөөгийн хэрэгжиж байгаа хуулиа мөрдөхөд ч гэмгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар иргэдийн хуримтлалд төвлөрөх ёстой ногдол ашгийг нэг удаагийн зохицуулалтаар өөрчлөх гэж байгаа нь хууль, бодлогын залгамж чанарын асуудлыг ч хөндөж буй. Тиймээс УИХ-дахь сөрөг хүчний эсэргүүцэл МАН доторх 30-ынхаа эсэргүүцэлтэй ч нүүр тулна. Эцсийн дүндээ иргэдэд 857 мянган төгрөг тараагаад ч инфляцад идүүлэхгүй, өнөөдрийн хэрэглээ болон маргаашийн хуримтлалын аль алинд нь бодит өгөөжтэй болгох нь Н.Учралын Засгийн газрын хийх ёстой ажил.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ