Б.Пүрэвдагва: Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны зам барина
Нийслэлийн төсвийн 2.3 их наяд төгрөгөөр барих Туулын хурдны зам төслийг зогсоогоод буй. Төслийн чиглэл байршлыг өөрчилж барихаар болжээ.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва "Туулын хурдны замын чиглэл байршлыг өөрчилж, баруун гарцын авто замыг барина. Одоо Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. China Highway компанитай байгуулсан гэрээний хүрээнд өөрчлөлтийг хийж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай чиглэл буюу баруун гарцын авто замыг 2027 онд барих төлөвлөгөө гарсан.
Чиглэлийн хувьд Наадамчдын гүүрнээс(Яармагийн гүүр) 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны зам шинээр барина. Бургас тастаж, байгаль орчныг сүйтгэхгүй.
Улаанбаатар хотоос баруун зүгийн 16 аймаг руу тээврийн хэрэгсэл явдаг. Гамшиг осол гарвал Сонсголонгийн зам дээр түгжрэх эрсдэлтэй байгаа учраас 1.8 сая хүн амтай хотын баруун гарцыг зайлшгүй барих шаардлагатай.
Үүнээс гадна Баруун гарцад Эмээлтээс Өлзийт хороолол хүртэл 12км авто зам ирэх онд баригдахаар заавал хотоор дайрч явахгүй, Төв аймгийн замаар хотыг тойрч явах боломж бүрдэнэ.
Туулын хурдны зам төсөлд зарцуулах гэж байсан ₮500 тэрбумыг баруун гарцын хурдны замд зарцуулах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ