ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОДОО ЯАХ БОЛ?

img

 

Оюу толгойн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон тухай мэдээлэл анх гарахад Засгийн газар үүнийг хэрхэн зарцуулах талаар өөрийн хувилбартай байв. Нэг их наядыг иргэдийн Хуримтлалын санд, үлдсэн хоёр их наядыг эрчим хүч, боловсрол болон суурь дэд бүтцийн төслүүдэд зарцуулна. ДЦС-VI барина, арван аймгийн дулааны станцыг шинэчилнэ.

Засгийн газар анхнаасаа иргэдэд Баялгийн ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэх үү, эсвэл дэд бүтцэд зарцуулах уу? гэсэн үндсэн сонголт өгөөгүй. Харин дэд бүтцэд зарцуулах мөнгийг аль салбарт чиглүүлэх вэ гэдэг асуултын хүрээнд санал авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, мөнгийг юунд зарцуулахаа үндсэндээ шийдчихээд, хаана зарцуулахыг иргэдээр сонгуулах гэжээ. Энэ бол ердөө оролцоо төдий бөгөөд сонголтыг тулгасан санал байв. Тиймдээ ч иргэдийн санал асуулга, нийтийн өргөдөл, олон нийтийн шүүмжлэл нэгэн зэрэг хүчтэй өрнөсөн. Ингээд аравдугаар сарын 23-нд Засгийн газар хоёр их наяд төгрөгийг дэд бүтцэд зарцуулах тухай нэг удаагийн хуулийн төслөө татан авсан нь иргэдийн саналыг харгалзсан явдал гэж байв. Үнэндээ Баялгийн сангийн хуульд аль хэдийн заасан зарчмыг тойрч гарах гэж оролдсон ч мухардсан юм. Дээрх шийдвэрийн дараа Оюу толгойн ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Хуримтлалын санд төвлөрүүлэх хувилбар эргэн гарч ирсэн. Н.Учралын Засгийн газар тооцоолж байснаасаа нэг алхам ухарсан мэт боловч хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиа дагах шаардлага үүссэн учраас буцаад байрандаа  буув.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг хүлээн авч уулзан, Оюу толгойн анхны ногдол ашгийг иргэдэд шууд хүртээх байр сууриа илэрхийлэв. Тэрээр нийтийн өргөдлийн системд 100 мянга гаруй иргэн ногдол ашгаа шууд авах санал гаргасныг үндэслэл болгосон. Энэ бол улс төрийн хувьд анхаарал татахуйц байр суурь. Иргэдийн халаас руу чиглэсэн санал гэдэг сонгогчдын сэтгэлд шууд хүрэх алхам. Уулзалтын дараа Сангийн сайд З.Мэндсайхан гурван их наяд төгрөгөөс нэг их наядыг Хуримтлалын санд үлдээж, хоёр их наядыг иргэдэд шууд олгох хувилбарын талаар ярьж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатайг мэдэгдсэн. Гэтэл маргааш нь Засгийн газрын байр суурь дахин өөрчлөгдөв. Бэлэн мөнгө тараах шийдвэр гараагүй, Ерөнхийлөгч зөвхөн өөрийн саналыг илэрхийлсэн гэсэн тайлбар хийлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

Арваннэгдүгээр сарын 4-нд Засгийн газар танхимаараа хэлэлцээд Ерөнхийлөгчийн бэлэн мөнгө тараах хувилбарыг дэмжихгүй, одоо мөрдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Хуримтлалын санд төвлөрүүлэх байр сууриа нэгтгэв. Шадар сайд Т.Доржханд популизмыг сөрөх тухай ярьж, Сангийн сайд З.Мэндсайхан хуульд өөрчлөлт оруулах санал гаргахгүй гэдгээ мэдэгдлээ. Товчхондоо Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дагасангүй гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч саналаа илэрхийлэх бүрэн эрхтэй ч хууль биш. Түүнийг хэрэгжүүлэх эсэх, ямар хуулийн үндэслэлээр хэрэгжүүлэхийг шийдэх нь Засгийн газар, УИХ-ын эрх хэмжээний асуудал. Иймд Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэх ч хуульд нийцүүлэн шийдвэр гаргах Засгийн газарт бий.

Засгийн газар энэ удаа ядаж нэг зүйлийг зөв хийв. Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу одоо мөрдөж буй хуулийг өөрчлөх гэж яарсангүй. Нэгэнт Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Хуримтлалын сангийн зохицуулалт байгаа бол түүнийгээ мөрдье гэсэн байр суурь дээрээ үлдэв. Энэ шийдвэрт нь баяр хүргэх ёстой. Учир нь төрийн бодлого гэдэг  өөрчлөгдөөд байж болдог зүйл биш. Хууль гэдэг эрх мэдэлтний сэтгэл хөдлөлөөс урт настай байх ёстой юм.

Ерөнхий сайд Н.Учрал анх ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг иргэд шийднэ гэж амласан. Тэгээд иргэдээс санал авсан. 95,621 орчим иргэн оролцсоноос 55,173 нь Хуримтлалын сангийн хувилбарыг дэмжсэн тухай мэдээлэл бий. Иймээс Засгийн газар энэ удаа Ерөнхийлөгчийн эсрэг зогссоноос гадна өөрийнх нь эхлүүлсэн санал асуулгын үр дүнтэй нийцсэн шийдвэр гаргасан гэж хэлж болно.

Хуримтлалын дансанд орсон мөнгө хэзээ, ямар журмаар, ямар өгөөжтэйгээр иргэндээ хүрэх вэ?

Иргэдийн нэр дээрх данс гэдэг нь өнөөдөр шууд захиран зарцуулах мөнгө гэсэн үг биш. Үндэсний баялгийн сангийн зохицуулалтаар энэ хуримтлалын өгөөжийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлд хүртээх учиртай. Засгийн газрын тайлбараар 2030 оноос өгөөжийг хүртэх боломж нээгдэнэ. Тэгэхээр 2027 онд гурван их наяд төгрөг орж ирлээ гэхэд иргэн бүрийн дансанд шууд мөнгө орохгүй. Харин иргэн бүрийн нэр дээр хуримтлал бий болж, түүний өгөөжийг хуульд заасан зориулалтаар хүртэх тогтолцоо ажиллана. Энэ ялгааг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар, гурван их наяд төгрөг гэдэг одоогоор төсөвт тусгасан тооцоолол болохоос мөнгө дансанд орчихсон, хэмжээ нь эцэслэн баталгаажаачгүй яваа. Оюу толгойн ногдол ашгийн бодит хэмжээ, шилжих хугацаа, гэрээний хэрэгжилтийг ч анхаарах шаардлагатай.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОДОО ЯАХ ВЭ?

Ерөнхийлөгчийн хувьд иргэдэд бэлэн мөнгө олгох санал нь олон нийтийн дэмжлэг авах боломжтой, улс төрийн хувьд ч ашигтай байр суурь. Тэрээр ард түмний баялгийг ард түмэнд нь шууд хүртээхийг хүссэн төрийн тэргүүний дүрийг дахин бүтээж, ард түмэн алга ташсан. Харин Засгийн газар хууль, хуримтлал, инфляцын эрсдэл ярьж, бэлэн мөнгө тараахгүй гэдэг байр сууриа хадгаллаа. У.Хүрэлсүх одоо яах бол? Улс төрийн сэлмээ сугалах уу? Н.Учралын Засгийн газрын эсрэг нам доторх фракцуудыг хөдөлгөх үү? Эсвэл энэ удаа өөрийн саналаа хэлээд, Засгийн газрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үү? Мэдээж Ерөнхийлөгч Засгийн газрыг хүссэн үедээ огцруулах шууд эрх мэдэлтэй биш ч эрх баригч намын дотоод улс төрд нөлөөлөх бүрэн дүүрэн боломжтой хүн.

Оюу толгойн ногдол ашиг бол Ерөнхийлөгчийн хувийн хишиг биш. Ерөнхий сайдын авчирсан бэлэг ч биш. Энэ бол Монголын газрын хэвлийн баялгаас төрд ногдох, өнөө болон ирээдүй үеийн иргэдэд хамаарах өгөөж. Тиймээс гурван их наядыг хэн тараах вэ гэдгээс илүүтэй хэн хариуцлагатай захиран зарцуулах вэ гэдэг нь чухал. Ерөнхийлөгч нэг удаа мөнгө тарааж, улс төрийн оноо авахыг санаархаж буй нь тодорхой асуудал. Тэгэхээр хэдүүлээ одоо У.Хүрэлсүх, Н.Учрал хоёрын хэн нь ялахыг харахаасаа өмнө нэг зүйлийг анхааралтай ажиглая. Хуримтлалын санд орсон мөнгө үнэхээр иргэн бүрийн нэр дээр өсөж, бодит өгөөж болж чадах уу? Эсвэл төрийн том амлалтуудын дунд нэртэй данс, эзэнгүй хариуцлага болон үлдэх үү?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsekv:
Ийм асуудал босож ирэх л байсан. Гэхдээ Иргэд нь Төр дөө итгэхгүй болсон цагт нь Иргэдийнхээ талд зогсож чадсанаар хүн л хожих нь тодорхой..Улс Төрийн сонголт шийдвэр бол Хувь заяаны Сонголт байдаг юм шүү!?
2026-11-05