Конгрессын сонгуульд ялагдахад Ираны дайн нөлөөлсөнийг Трамп хүлээн зөвшөөрөв

img

 

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь нам Конгрессын завсрын сонгуульд ялагдахад Ираны дайн гол нөлөө үзүүлснийг хүлээн зөвшөөрсөн байна.

Үүнээс өмнө дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй энэ мөргөлдөөний нөлөөний талаар "илэн далангүй" байхыг Бүгд Найрамдах Намынханд уриалсан юм.

Ираны дайн бол "бидний ялагдлын гол шалтгаан" гэсэн Вэнсийн байр суурьтай санал нийлж байгаа эсэхийг асуухад Цагаан ордны хүлээн авалтын танхимын барилгын талбай дээр сэтгүүлчидтэй уулзаж байсан Трамп "Үүнийг үнэн гэж бодож байна. Учир нь энэ дайн шатахууны үнийг богино хугацаанд бага хэмжээгээр өсөхөд хүргэсэн" гэж хариулжээ.

Тэрбээр цааш нь "Гэхдээ нөгөө талаар хэрэв надад дахин сонголт хийх боломж гарвал би үүнийг хийх л байсан. Учир нь урт хугацаандаа энэ бол цорын ганц шийдэл юм. Ираныг цөмийн зэвсэгтэй болгож болохгүй" гэж нэмж хэлсэн байна.

Мягмар гарагт болсон Конгрессын завсрын сонгуулиар Ардчилсан Нам түүхэн ялалт байгуулж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алинд олонх болж чадсан юм.

Ингэснээр Трампын бүрэн эрхийн үлдэж буй хоёр жилийн хугацаа нэлээд хүнд байдалд өнгөрөх төлөвтэй болоод байна.

Гэхдээ Трамп сонгуулийн дүн гарч эхэлсний дараа харьцангуй эвлэрэнгүй өнгө аястай байр суурь илэрхийлж, Ардчилсан Намтай хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Нөгөө талаар тэр хориг тавих ерөнхийлөгчийн эрх мэдлээ ашиглан тэдний мөрийн хөтөлбөрт саад учруулах боломжтойгоо давхар анхааруулжээ.

“Би хоёр жилийн турш бүх зүйлд хориг тавиад суухыг хүсэхгүй” гэж Трамп энэ талаар хэвлэлд ярьсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ