Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ

img

 

Европын улс орнуудад хөргүүр, хөлдөөгчийн системийг онилсон кибер халдлагууд үргэлжилж байна. Тэр дундаа цусны нөөц хадгалах төв болон банк дараагийн хохирогч болоод байна. Тодруулбал, Даваа гаригт /2026.11.02/ Францын Цусны үндэсний төвийн (EFS) гурван байгууламжийн цус хадгалах хөргүүр кибер халдлагад өртжээ.Хакерууд хөргүүрийн температур болон гэсгээх тохиргоог хэт өндөр түвшинд хүргэх оролдлого хийсэн байна.

Ердийн үед хасах 30 хэмд хадгалдаг цусны нөөцийн савны температурыг 110 хэм хүртэл нэмэгдүүлэхээр оролдсон гэж Францын “Le Canard Enchaîné” сонин мэдээлсэн байна. Халдлагыг хяналтын систем цаг алдалгүй илрүүлж, ажилтнууд цусны нөөцийг өөр газар шилжүүлэх болон аюулгүй нөхцөлд хадгалах арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд цусан бүтээгдэхүүн, шинжилгээний сорьцын аль нь ч гэмтээгүй бөгөөд цус цуглуулах, эмнэлгүүдэд түгээх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг тус төвөөс мэдэгдсэн байна.

Мөн Францын баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг “Credit Mutuel Arkea” банк Лхагва гаригт /2026.11.04/ кибер халдлагын улмаас зарим үйлчилгээгээ түр зогсоосон байна. Халдлагын үеэр банкны системд нэвтэрсэн этгээдүүд хууль бус гүйлгээ хийсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 133 сая ам.долларыг криптовалютын данс руу шилжүүлсэн байж болзошгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Харин банк халдлагыг хяналтад авсан, харилцагчдын хөрөнгөд хохирол учраагүй гэж мэдэгдсэн байна.

Халдлага нь хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэгч “Coolworld” компанийн системийн эмзэг байдлыг ашигласантай холбоотой байж болзошгүй аж. Одоогоор Францын Үндэсний кибер аюулгүй байдлын агентлаг болон Эрүүл мэндийн яам уг хэргийг шалгаж байгаа бөгөөд халдлагын ард хэн байгааг тогтоогоогүй байна. Энэ нь аравдугаар сарын дундуур Франц, Бельги, Нидерландын хэдэн зуун супермаркет, жижиг дэлгүүрийн хөргүүр, хөлдөөгчийг онилсон халдлагатай төстэй юм. Тухайн үед хөргүүрийн температур нэмэгдсэний улмаас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудаж, дэлгүүрүүд ихээхэн хохирол амссан билээ.

Тухайлбал, халдлагад өртсөн Нидерландын “Ahold Delhaize” сүлжээ дэлгүүр энэ оны дөрөвдүгээр улиралд борлуулалт нь 281 сая ам.доллар хүртэл буурч болзошгүйг мэдэгджээ. Мөн үйл ажиллагааны орлого нь 112 сая ам.доллараар буурах эрсдэлтэй байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Франц Мюллерийн мэдээлснээр, халдлагын улмаас үүссэн саатлын ихэнхийг хоёр долоо хоногийн дотор арилгасан ч системүүдийг бүрэн хэвийн ажиллагаанд оруулах ажил үргэлжилж байгаа аж.

Эдгээр халдлага нь интернетэд холбогдсон хөргүүр, хөлдөөгч зэрэг ухаалаг төхөөрөмжүүд болон эмнэлэг, хүнсний хангамжийн систем зэрэг чухал дэд бүтцийн кибер аюулгүй байдалд анхаарал хандуулах шаардлагатайг дахин харуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ