Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар ирцээрээ эгүүлэн татагдах босго давжээ

img

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар хуралдаанаа хамгийн олон удаа тасалж  УИХ-ын гишүүнээс эгүүлэн татагдах болзол хангажээ.Хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын ирц эгүүлэн татах асуудал хөндөх хэмжээнд хүрэхээр байжээ. УИХ-ын Тамгын газрын ирцийн мэдээллээр тэд чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг хамгийн олон удаа тасалсан гишүүдийн тоонд багтсан байна.Тодруулбал, Х.Баттулга 50, Л.Оюун-Эрдэнэ 36 удаа хуралдаан тасалжээ.Тэгвэл УИХ-ын гишүүд хэчнээн удаа гадаад томилолт авсан, чөлөө хүссэн, хуралдаанаас хоцорсон болон тасалсныг Тамгын газрын мэдээлэлд үндэслэн хүргэе. УИХ-ын гишүүн Х.Баттулга 37 удаагийн гадаад томилолт авсан нь жагсаалтад хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 30 удаагийн томилолттой байна. Б.Батцэцэгийн хувьд сайдын албан үүрэгтэй нь холбоотойгоор гадаадад ажиллах шаардлага гардаг. Мөн Шадар сайд Т.Доржханд, УИХ-ын гишүүн А.Ундраа нар тус бүр 29 удаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар тус бүр 26 удаа гадаад томилолт авчээ. Харин гадаад томилолт аваагүй дөрвөн гишүүнээр Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Н.Алтаншагай, Г.Тэмүүлэн нарыг нэрлэжээ.Чөлөө авсан тоогоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 62 удаагийн үзүүлэлтээр тэргүүлжээ. Түүний дараа М.Нарантуяа-Нара 42, Д.Амарбаясгалан 29, С.Амарсайхан 25 удаа чөлөө авсан байна. Мөн Х.Баттулга 22, Ж.Баясгалан 20 удаа чөлөө хүсжээ. УИХ-ын Тамгын газрын мэдээллээр Д.Ганбат гишүүн 90 удаа хоцорсон үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлжээ. Түүний дараа Д.Жаргалсайхан 86, Б.Жаргалан 85, Т.Доржханд 84, Д.Цогтбаатар 82 удаа хоцорсон байна. Чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг тасалсан тоогоор Х.Баттулга 50 удаагийн үзүүлэлтээр тэргүүлж байна. Харин Л.Оюун-Эрдэнэ 36 удаа тасалжээ. Мөн Р.Эрдэнэбүрэн 28, Н.Алтанхуяг 24, Ц.Туваан 23, Б.Жавхлан 22, Д.Амарбаясгалан 21 удаа хуралдаан тасалсан байна. УИХ-ын гишүүд сонгогчдодоо улс орон, ард түмнийхээ төлөө ажиллах амлалт өгч парламентад сонгогддог. Харин хуралдааны ирц, таслалт, хоцролтын мэдээлэл нь гишүүд хуулиар хүлээсэн үндсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг олон нийтэд харуулах нэг үзүүлэлт юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ