Гэр бүлийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ

img

 

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ. Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдаж, холбогдох хууль 2026 оны арваннэгдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэллээ. УИХ-аас долдугаар сарын 3-нд баталсан “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн хүрээнд нийслэлд гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх шаардлага нэмэгдэж буйтай холбоотойгоор энэхүү шинэчлэлийг хийсэн байна.

Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулсан хосын тоо 2022 онд 3790 байсан бол 2025 онд 4270 болж өсжээ.Мөн 2022-2024 онд өсвөр насны 210 гаруй хүүхэд жилд дунджаар ял шийтгүүлсэн бол 2025 онд энэ тоо 175 байжээ. Шинэ дагнасан шүүхийн гол зорилго нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалж, гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх юм.Тус шүүх хүүхдийн болон тусгай ярилцлагын өрөө, эвлэрүүлэн зуучлах танхимтай.

Мөн хүүхдийг сэтгэл зүйн дарамтад оруулахгүй байх зориулалттай камер, аудио-видео бичлэгийн хэрэгсэл ашиглаж байна.Ингэснээр гэр бүл салалт, хүүхдийн асрамж, тэтгэлэг болон насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой хэргийг хүүхдийн сэтгэл зүйн онцлогт нийцүүлэн шийдвэрлэх боломж бүрдэж байгаа аж.Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхэд 12, давж заалдах шатны шүүхэд таван шүүгч томилогджээ.Энэхүү шинэчлэл нь гэр бүлийн маргааныг зөвхөн хууль зүйн хүрээнд шийдвэрлэхээс гадна хүүхдийн эрх, аюулгүй байдал, сэтгэл зүйн хэрэгцээг хамгаалахад чиглэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ