Чингис хааны нэртэй бүтээгдэхүүний онцгой албан татвараар түүх, соёлыг сурталчлах сан байгуулна
Чингис хааны нэртэй бүтээгдэхүүний онцгой албан татвараар түүх, соёлыг сурталчлах сан байгуулна
УИХ-ын намрын ээлжит чуулганаар Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолоор Засгийн газарт таван чиглэлээр ажиллахыг даалгасан байна. Үүнд:
-
Их Монгол Улсын түүхэн үйл явдал, дурсгалт газрыг илрүүлэх, хамгаалах, сэргээн засварлах, судалгааны ажлыг дэмжих;
-
Чингис хаан болон Их Монгол Улсын түүхтэй холбоотой бичмэл эх сурвалж, археологи, угсаатны зүйн судалгааг хэвлэн нийтлэх, гадаад улсад хадгалагдаж буй эх сурвалжийг Монголд авчрах;
-
Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих сан байгуулах санал боловсруулах;
-
Монголын түүх, төрт ёсны өвтэй холбоотой ном, судалгаа, кино, урлаг, соёлын үйл ажиллагааны орлогыг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах;
-
Чингис хааны эш хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоо” болон Их Монгол Улсын бэлгэдлийг ашиглах журмыг боловсруулж, Чингис хааны хөргийг согтууруулах ундаа, тамхины сав баглаа боодолд ашиглахыг хориглох хуулийн төсөл өргөн мэдүүлэх зэрэг багтжээ.
Харин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг энэ сарын 10-нд зохион байгуулахаар товлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ