Вагоны овоорлын дийлэнхийг дизель түлш эзэлж байна

img

 

ОХУ-аас 218 вагон шатахуун Улаанбаатар руу хөдөлжээ. Аравдугаар сарын захиалгаар Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх 57 мянган тонн шатахууны татан авалт дуусах шатандаа орж, 400 тонн нь дутуу байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээллээ.

Түүний хэлснээр, одоогоор ОХУ-ын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотыг чиглэн 218 вагон шатахуун тээвэрлэж яваа бөгөөд энэ нь Монгол Улсын зургаан хоногийн хэрэглээг хангах хэмжээ юм.

Дэд сайд Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн дөрвөн жилд эрчимтэй өссөнийг онцлов. Жилд 1.7 сая тонн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол өнөөдөр 3.1 сая тоннд хүрсэн байна.

Мөн Улаанбаатар төмөр замд олон вагон саатсан асуудлын талаар тайлбарлахдаа, овоорсон вагоны дийлэнхийг дизель түлш эзэлж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд зохиомлоор вагон дараалал үүсгэсэн гэх мэдээлэл үндэслэлгүй гэж мэдэгджээ.

Харин АИ-92, АИ-95 автобензинийг Сүхбаатар өртөөгөөр дамжуулан Толгойт, Рашаант өртөөнд буулгаж, шууд татан авч байгааг мэдээлэв.

Энгийн АИ-92 бензинийг Евро-5 гэж борлуулах боломжгүй гэв

Сүүлийн үед энгийн АИ-92 бензинийг Евро-5 стандартын бензин нэрээр борлуулж байгаа гэх хардлага гарсан. Үүнд дэд сайд Б.Мөнхтамир тайлбар өгөхдөө хоёр төрлийн бензин тусдаа сав, түгээгүүрээр дамждаг тул хооронд нь холих боломжгүй гэж мэдэгджээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас долоо хоногт хоёр удаа шатахуун түгээх станцуудаас дээж авч, шинжилгээ хийдэг байна. Шинжилгээний мэдээллийг тус газрын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг аж.

Хэрэв шатахууны стандарт зөрчсөн нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой бөгөөд одоогоор хийсэн хяналт шалгалтаар ийм зөрчил илрээгүй гэж дэд сайд мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ