Европ эсэргүүцлийн жагсаалаар давалгаалж байна
Амьжиргааны өртөг, орон сууцны үнэ иргэдийг гудамжинд гаргав. Европын орнуудын иргэд амьдралын өртөг нэмэгдэж, цалин орлогын хүрэлцээ муудаж, орон сууцны үнэ өсөж байгааг эсэргүүцэн жагсаал, ажил хаялт зохион байгуулж байна. Европын 31 улсад амьжиргааны өртөг, цалин хөлс, боловсрол, төрийн үйлчилгээтэй холбоотой 2026 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд Францад 1,200 гаруй, Испанид 173, Италид 160, Германд 70, Португалд 33 жагсаал, мөргөлдөөн нийт 1,700 гаруй жагсаал, цуглаан бүртгэгджээ.
Энэхүү жагсаал цуглааны тоо байримт Европ даяар нийгмийн бухимдал нэмэгдэн тархсаар байгааг харуулж байна.
Францад жагсаалын тоо өдөрт гурав дахин нэмэгджээ
Эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн өргөн хүрээг хамарч буй улс бол Франц. Жагсаал анх есдүгээр сарын дундуур сургуулийн сурагчид хичээлийн байрны муу нөхцөл, багшийн хүрэлцээгүй байдал, анги танхимын хэт ачааллыг эсэргүүцсэнээр эхэлжээ.
Улмаар үйлдвэрчний эвлэлүүд, ажилчид, тэтгэвэр авагчид нэгдэж, цалин нэмэх, шатахууны үнийг бууруулах, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардах болсон байна.
Арваннэгдүгээр сарын 7-нд Франц даяар 146 мянган хүн жагссан гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ. Харин үйлдвэрчний эвлэлүүд оролцогчдын тоог 250 мянга гэж тооцсон байна. Үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 5-нд болсон жагсаалд Засгийн газрын тооцоогоор 575 мянган хүн оролцжээ.
Мөргөлдөөний улмаас цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэсэн байна. Мөн улсын хэмжээнд 70 мянга орчим цагдаагийн алба хаагчийг дайчилжээ.
Испанид 24 цагийн бүх нийтийн ажил хаялт зарлав
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд Испанийн хоёр том үйлдвэрчний эвлэл орон даяар 24 цагийн ажил хаялт зохион байгуулж байна. Тэдний гол шаардлага нь цалин нэмэх, орон сууцны үнийг бууруулах, амьжиргааны өртгийг багасгах юм.
Энэхүү ажил хаялт нийтийн тээвэр, сургууль, эмнэлэг болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байна. Нислэгүүд цуцлагдах, саатах эрсдэлтэй бөгөөд томоохон хотуудын нийтийн тээвэр хязгаарлагдмал хуваариар үйлчлэх аж.
Испанийн Орон сууцны зах зээлийн хямрал иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлжээ. Тус улсын Төв банкны тооцоогоор одоогийн хэрэгцээг хангахад 750 мянган орон сууц дутагдаж байна. Залуучуудын зөвлөлийн мэдээллээр сарын дундаж түрээс 1,176 евро байхад залуучуудын дундаж цалин 1,190 евро байгаа нь орлогынхоо бараг бүхнийг түрээсэнд зарцуулах нөхцөл үүсгэжээ.
Итали, Португалид жагсаал ширүүсэв
Италид иргэдийн бухимдал эрчим хүчний үнэ, цалин хөлс, орон сууцны хүртээмжтэй холбоотой байна. Аравдугаар сарын 30-нд болсон 24 цагийн бүх нийтийн ажил хаялтад хэдэн арван мянган оюутан, ажилчин оролцож, 40 гаруй хотод жагсжээ.
Жагсагчид цалин нэмэх, төрийн үйлчилгээг сайжруулах, амьжиргааны өртгийг бууруулахыг шаардахын зэрэгцээ цэргийн зардлыг нэмэгдүүлэх бодлогыг эсэргүүцсэн байна. Италийн хамгийн том үйлдвэрчний эвлэл арваннэгдүгээр сарын 20-нд дахин бүх нийтийн ажил хаялт зохион байгуулахаар зарлажээ.
Португалд орон сууцны хомсдол, түрээсийн үнэ, бага цалинтай холбоотой эсэргүүцэл үргэлжилж байна. Лиссабон хотод мянга мянган хүн жагсаж, түрээсийн үнийг зохицуулахыг шаарджээ.
Аравдугаар сарын сүүлээр жагсагчид нийслэлийн Россю талбайд 50 гаруй майхан барьж, орон сууцны эрхийн төлөө суулт хийсэн байна. Гэвч цагдаа нар жагсагчдыг хүчээр тарааж, майхнуудыг буулгажээ. Португалийн Төв банкны тооцоогоор тус улсад 300 мянган орон сууц дутагдаж байгаа аж.
Европын орнуудад тэлгэмдаад байгаа нийтлэг нэг асуудал нь зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн маргаан бус, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж буй асуудлууд юм.
Үүнд залуу үе орон сууц худалдан авах, түрээслэх боломжгүй болж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн цалин амьдралын зардлаа нөхөхөд хүрэлцэхгүй байна. Үүний зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжид тавих шаардлага нэмэгджээ.
Зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэл, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг олон хүчин зүйл иргэдийн амьдралд дарамт болж буй энэ үед Европын засгийн газрууд нийгмийн бухимдалтай нүүр тулж байна.
ACLED-ийн мэдээлэлд тулгуурласан тооцоогоор 2026 оны есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 30-ны хооронд Францад 1,200 гаруй, Испанид 173, Италид 160, Германд 70, Португалд 33 жагсаал, мөргөлдөөн бүртгэгджээ. Энэ нь Европын 31 улсад болсон 1,700 гаруй үйл явдлын нэг хэсэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ