Нийслэлийн ирэх оны төсвийн орлогыг ₮4.6 их наядаар тооцжээ

img

 

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна.

Ирэх оны төсвийг агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудал гэсэн дөрвөн хэсэгт хуваан зарцуулахаар боловсруулжээ. 

Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн үр ашиггүй ажиллаж буй 1,000 орчим орон тоог цөөлөхөөр төлөвлөж, хэмнэгдсэн хөрөнгийг ажлын ачаалал өндөртэй албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж.

Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь буюу 93% нь нийслэлийн төсөв байсан. Харин ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс хэрэгждэг байжээ. Ирэх онд үүнийг 90:10 болгох гэнэ.

Нийслэл цаашид хувийн ААН-үүдтэй хамтарч, тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эргээд бизнесүүд ашиг орлоготой байх бодлогыг баримталж, ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ гэдгийг нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барих үеэрээ хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Нийслэлийн төсвийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 5-ны дотор батлахаар заасан байдаг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ