С.БЯМБАЦОГТЫН БҮРЭН ЭРХИЙГ ХЭН ХЯНАХ ВЭ?

img

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаар төрийн эрх мэдлийн хуваарилалтад урьд өмнө бодитоор тулгарч байгаагүй нөхцөл байдал үүсэв. Үндсэн хуулийн зохицуулалтын дагуу УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх болсон нь эхний ээлжинд төрийн эрх мэдлийн залгамж чанарыг хангах асуудал мэт харагдаж байгаа ч цаанаа илүү том асуулт дагуулж буй.

Парламентын үйл ажиллагааг удирдаж буй хүн төрийн тэргүүний бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх үед эрх мэдлийн хяналт, тэнцэл хэрхэн хадгалагдах тухай асуудал юм. Яагаад гэвэл УИХ-ын дарга бол хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг удирддаг, парламентын олонхын улс төрийн бодит орчинд ажилладаг албан тушаалтан. Харин Ерөнхийлөгч бол төрийн тэргүүний хувьд Үндсэн хуулиар олгогдсон тусгай бүрэн хуульд хориг тавих, зарим томилгоонд оролцох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах зэрэг өргөн хүрээний эрх мэдэлтэй институт. Энэ хоёр институцийн чиг үүрэг, улс төрийн байр суурь, эрх мэдлийн хүрээ өөр. Гэтэл нэг хүн эдгээрийн бүрэн эрхийг зэрэг хэрэгжүүлэх нөхцөл үүссэнээс өмнө нь цаасан дээр байсан зохицуулалтууд бодит амьдрал дээр хэрхэн ажиллах вэ гэдэг сорилт эхэлж байна. Үндсэн хуулийн 37.2-т Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүний албан тушаалд үүссэн орон зайг байнгын бус зохицуулалтаар удаан хугацаанд нөхөх бус, ард түмний сонгуулиар шинэ Ерөнхийлөгчийг сонгох ёстой гэсэн агуулга энд бий. Шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл төрийн тэргүүний бүрэн эрх хэрэгжих шаардлага хэвээр байна. Энэ хугацаанд улс орны өдөр тутмын төрийн ажиллагаа зогсохгүй. Төрийн тэргүүний оролцоо шаардсан асуултууд ч гарна. Харин тэдгээр асуудлын дотор өдөр тутмын зайлшгүй шийдвэрээс эхлээд улс орны урт хугацааны бодлого, төрийн өндөр албан тушаалын томилгоо, үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтолцоонд нөлөөлөх шийдвэрүүд хүртэл бий. Эндээс гол маргаан эхэлж буй. Түр орлон гүйцэтгэгч төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх ёстой. Гэхдээ түр хугацаанд бүрэн эрх хэрэгжүүлж байгаа гэдэг нь төрийн бодлогын урт хугацааны чиглэлийг өөрчлөлх, дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн орон зайг урьдчилан хязгаарлах хэмжээний шийдвэрийг ямар ч хязгааргүй гаргаж болно гэсэн ойлготол биш. Нөгөө талаас одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд байхгүй хориг, хязгаарлалтыг улс төрийн хүсэл сонирхлоор бий болгож болохгүй. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид шууд олгосон бүрэн эрхийг ердийн хуулиар дур мэдэн хасах боломжгүй юм. Тиймээс энэ асуудлыг нэг тийш нь шийдэх шаардлага тулгарч буй. Түр орлон гүйцэтгэгч ямар эрхийг зайлшгүй хэрэгжүүлж, ямар шийдвэрт нэмэлт хяналт шаардлагатай болж, ямар асуудлыг шинэ Ерөнхийлөгчид үлдээх нь зохистой вэ гэдгийг эрхзүйн хүрээнд тодорхой болгох шаардлага УИХ-д гарч ирээд буй. Энэ удаагийн нөхцөл байдлын хамгийн эмзэг цэг нь С.Бямбацогт хоёр өөр институцийн бүрэн эрхийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх болсонд байгаа юм. Тухайлбал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийнх нь удирдсан парламентын чуулганаар баталсан хуульд Ерөнхийлөгчийн хувьд хориг тавих асуудал үүсвэл яах вэ? Энэ бол ёс зүйн асуудал биш, хууль тогтоох үйл ажиллагааг удирдаж буй хүн тухайн хуульд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь институцийн ашиг сонирхлын заагийг хөндөж байна. Хориг тавих эрхийг бүхэлд нь хязгаарлах нь Үндсэн хуулийн асуудал үүсгэх нь мэдээж. Гэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй нөхцөлд аливаа шийдвэрийн үндэслэлийг хэрхэн тайлбарлах, ямар процедур баримтлах, олон нийтэд хэрхэн ил тод мэдээлэхийг хуульчлах боломжийг судлах шаардлагатай болно. Мөн УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаанд парламентын өдөр тутмын үйл ажиллагааг хэн удирдах вэ гэдэг асуудал бий. Энэ үед УИХ-ын дэд даргын үүрэг, эрх мэдэл бодитой ажиллах ёстой. Ялангуяа парламентын цөөнхийн төлөөлөл дэд даргаар ажиллах боломжийг улс төрийн тохиролцооноос хамааралтай бус, парламентын цөөнхийн эрхийн баталгаа болгон авч үзэх шаардлагатай. Хэрэв парламентын дарга төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа бол парламент өөрөө хэвийн, хараат бус ажиллагаа үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, нэг хүн хоёр институцийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа нөхцөлд аль нэг институцийн хяналт, тэнцэл суларч болохгүй. Энэ нөхцөлд С.Бямбацогтын өөрийнх нь улс төрийн байр суурь, амлалт, сайн дурын хязгаарлалтад найдаад асуудлыг шийдсэн гэж үзэж яавч болохгүй. Товчхондоо зохицуулалт нь хүндээ биш, албан тушаалдаа үйлчилдэг байх ёстой. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээг тодорхой болгох шаардлага байна. Өдөр тутмын төрийн үйл ажиллагааг хангах зайлшгүй бүрэн эрх, онцгой нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн эрх, урт хугацааны улс төрийн үр дагавартай шийдвэрүүдийг ялгаж зохицуулах хэрэгтэй. Үүнийг Үндсэн хуулийн 37.3 болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн талаарх бусад зохицуулалттай нийцүүлэн шийдэх нь зүйтэй. Хоёрдугаарт хориг тавих эрхийн хэрэгжилттэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах ёстой. Өөрийнх нь даргалсан парламентын хуралдаанаар баталсан хуульд хориг тавих тохиолдолд ямар үндэслэл, ямар процедур баримтлахыг тодорхой болгох шаардлага байна. Гуравдугаарт УИХ-ын дэд даргын эрх, үүргийг бодитой болгох хэрэгтэй. Парламентын үйл ажиллагаа нэг хүний давхар албан тушаалаас шалтгаалан доголдох ёсгүйг бид харж байна. Хуралдаан даргалах, парламентын өдөр тутмын ажлыг зохион байгуулах, цөөнхийн оролцоог хангах асуудлыг хуульд тодорхой тусгах шаардлагтай болж байна. Мөн Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11.5-д заасан зохицуулалтыг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг парламент хэрхэн хэлэлцэх, ямар хүрээнд хяналт тавих, шийдвэрийн үндэслэлийг хэрхэн нийтэд мэдээлэхийг тодорхой болгох нь зүйтэй. Гэхдээ үүнийг парламентын олонх УИХ-ын даргын гаргах шийдвэр бүрийг улс төрийн санал хураалтаар баталгаажуулдаг механизм болгож болохгүй. Хяналт гэдэг нь эрх мэдлийг өөр нэг улс төрийн бүлэглэлд шилжүүлэх нэр биш гэдгийг эрх баригчид мэдэж байх ёстой. Хуульд үндэслэн ил тод тодорхой механизм байх ёстой. Гэхдээ парламентын олонх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй УИХ-ын даргын шийдвэр бүрийг улс төрийн санал хураалтаар баталгаажуулдаг байж болохгүй. Энэ бол хяналт биш, харин эрх мэдлийг нэг улс төрийн төвөөс нөгөөд шилжүүлэх оролдлого болно. Хяналт нь намын олонхийн хүсэл зоригоор бус, хуульд үндэслэсэн, ил тод, тодорхой шалгууртай байх ёстой. Төрийн эрх мэдлийг хянах нэрээр улс төрийн нөлөөллийг нэмэгдүүлэх нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй. Мөн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг улс төрийн тохиролцооны талбар болгох ёсгүй. Хуульд заасан хугацаанд сонгуулийг зохион байгуулж, нэр дэвшигчдийн тэгш өрсөлдөөнийг хангах, төрийн байгууллагын нөөц бололцоог аль нэг нам, нэр дэвшигчийн давуу тал болгохоос сэргийлэх нь зайлшгүй шаардлага. Түр орлон гүйцэтгэгч сонгуульд нэр дэвшихгүй гэж амлах нь хангалттай баталгаа биш. Хувь хүний амлалт бус, төрийн байгууллагын улс төрийн төвийг сахисан байдлыг хуулиар баталгаажуулах нь чухал юм.

ӨНӨӨДРИЙН ЗОХИЦУУЛАЛТ МАРГААШИЙН ЖИШИГ БОЛНО

Монголын төрийн тогтолцооны бодит чадамж улс төрийн бүх зүйл хэвийн үед бус, эрх мэдлийн шилжилт үүссэн ээдрээтэй нөхцөлд шалгагдаж байна. Энэ удаа Үндсэн хуульд заасан залгамж чанарын зохицуулалт ажиллаж байна. Гэвч эрх мэдэл хуулийн дагуу шилжсэн гэдэг нь түүнийг хэрэгжүүлэх явцад хяналт, тэнцлийн асуудал шийдэгдчихгүй. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа нь нэг хүнд парламентын удирдлага болон төрийн тэргүүний бүрэн эрх давхар төвлөрсөн нөхцөлд эрх мэдлийн хязгаар, хяналтын механизм хэрхэн ажиллах вэ гэдэг нь төрийн институцийн асуудал юм. У.Хүрэлсүхийн шийдвэрээр бий болсон энэ нөхцөл байдал С.Бямбацогтын хувийн улс төрийн сорилтоор хязгаарлагдахгүй. Өнөөдөр энэ эрх мэдлийг нэг хүн хэрэгжүүлж байгаа бол маргааш өөр намын, өөр улс төрийн ашиг сонирхолтой хүн хэрэгжүүлж л таарна. Тиймээс төрийн тогтолцоог тухайн албан тушаалтны сайн санаа, улс төрийн соёл, өгсөн амлалтад найдаж орхиж болохгүй. Хуулийн засаглал гэдэг зөв хүн эрх мэдэлд очихыг хүлээх биш. Харин хэн ч эрх мэдэлд очсон бай, хуулиас давж чадахгүй байх тогтолцоо юм. Энэ удаагийн үйл явдал Үндсэн хуулийн нэг чухал сул талыг бодитоор хөндөж байна. Эрх мэдлийг хэнд шилжүүлэхийг хуульчилсан ч түүнийг ямар хүрээнд хэрэгжүүлэх, хэн хянах, хэтрүүлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг хангалттай тодорхойлоогүй Үндсэн хуулийн энэ зохицуулалт маргааны эх үүсвэр болоод буй. Тиймээс С.Бямбацогтын хэрэгжүүлж эхэлсэн эрх мэдлийг хэн, ямар хуулийн хүрээнд, ямар бодит механизмаар хянах вэ гэдэг асуудал юм. Энэ асуултад одоо хариулж чадахгүй бол дараагийн удаа ч бид Үндсэн хуулийн тодорхой бус зохицуулалтыг улс төрийн тохиролцоогоор нөхөж, төрийн тогтвортой байдлыг хувь хүмүүсийн амлалтад даатгасан хэвээр үлдэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ