ТӨСВИЙН ЖИЛИЙГ АРАВДУГААР САРААС ЭХЛҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ
УИХ-ын гишүүн Г.Хосбаярын санаачилгаар МҮХАТ-тай хамтран “Төсвийн жилийн хугацааг өөрчлөх боломж, уялдаа холбоо, шилжилтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр түүнээс Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тодрууллаа.
Хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын төсвийн жилийг одоогийн нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нд шилжүүлж, ирэх оны төсвийг тухайн жилийн зургадугаар сарын 15-ны дотор баталдаг болно.
Ингэснээр өвлийн улиралд төсвийн төлөвлөлт, тендер шалгаруулалт, гэрээ байгуулах ажлыг дуусгаж, гурав, дөрөвдүгээр сараас зам, барилга, инженерийн шугам сүлжээ зэрэг бүтээн байгуулалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Хосбаярын тайлбарласнаар одоогийн тогтолцоонд тендер, гэрээний ажил удааширснаар бүтээн байгуулалтын улирлыг алддаг бөгөөд улсын төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын ажлын 30 орчим хувь нь хэрэгждэггүй байна.
Харин шинэ зохицуулалт хэрэгжсэнээр төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг цаг хугацаанд нь эхлүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Хуулийн төслийг 2028 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2029 оны төсвийг 2028 оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр тооцжээ. Төсөлд зөвхөн төсвийн жилийн эхлэх хугацааг өөрчлөхөөр тусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ