АВЛИГАЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ УУ?

img

 

Монгол Улсын Засгийн газар 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд Н.Учрал арваннэгдүгээр сарын 18-нд төслийн үзэл баримтлалтай танилцаж эцэслэсэн, ирэх долоо хоногт Засгийн газраар хэлэлцүүлнэ гэж мэдэгдсэн нь бий.

Төрд албан тушаал хашиж байхдаа бий болгосон хөрөнгийнх нь эх үүсвэрийг шалгаж, хууль ёсны орлогоор тайлбарлагдахгүй хэсгийг төрд буцаан авах боломжийг бүрдүүлэх хуулийн төсөл юм. Өөрөөр хэлбэл, цаашид хэн ямар хөрөнгийг ямар орлогоор бий болгосон бэ гэдэг асуулт төрийн шалгалтын гол сэдэв болж мэднэ. 2025 оны тавдугаар сарын 20-нд тухайн үеийн Засгийн газар “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч төсөл 538 хоногийн турш парламентын босго даваагүй. Уг төслийн гол агуулга нь нийтийн албан тушаалтны хууль ёсны орлогоос давсан, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг шалгаж, хууль бус болох нь тогтоогдвол шүүхээр хураан авах байв. 2002 оны есдүгээр сарын 1-нээс хойших хугацаанд тухайн хүн нийтийн албан тушаал эрхэлж байхдаа бий болгосон хөрөнгийг шалгахаар анхны төсөлд тусгасан явдал. Энэ нь зөвхөн өнөөгийн албан тушаалтнуудад бус өмнө нь төрийн өндөр алба хашиж байсан хүмүүст ч хамаарах боломжтой байв. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл шинэчилсэн хувилбарт 2002 оноос хойших хугацааг хамруулах зохицуулалтад өөрчлөлт орсон талаар мэдэгдэж байсан. Мөн улсын дээд шүүх 2026 оны аравдугаар сарын 2-нд хэлэлцсэн шинэчилсэн багц төслийн анхдагч хуулийг дэмжээгүй. Шүүхийн зүгээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах харилцааг иргэний эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэх нь эрх зүйн зарчимтай нийцэхгүй гэж үзэж, эрүүгийн процессын хуульд тусгай зохицуулалт оруулах боломжийг санал болгожээ. Тэгэхээр маргааш Засгийн газраар хөрөнгийг ямар журмаар, ямар нотолгоонд тулгуурлан, хэний шийдвэрээр хураах вэ гэдгийг эцэслэх байх.  Авлигын хөрөнгийг хурааж, хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж зарцуулах тухай хуулийн төсөлд одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан нийтийн албан тушаалтнууд гэж заасан. Үүнд төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн болон захиргааны албан тушаалтан, төрийн чиг үүрэг хэрэгжүүлэгч бусад албан тушаалтнууд хамаарах боломжтой. Өөрөөр хэлбэл, албан тушаалаасаа буусан, тэтгэвэрт гарсан гэдгээрээ энэ хуулийн төслөөс зугтах боломжгүй гэсэн үг юм.

Албан тушаалтны хамаарал бүхий хүмүүс.

Хөрөнгөө өөрийн нэр дээр бус эхнэр, нөхөр, хүүхэд, ач зээ, төрөл садан, төлөөний хүн болон бусад хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгүүлсэн эсэхийг шалгах боломжийг төсөл тусгажээ. Энэ нь зөвхөн албан тушаалтны өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, автомашин, дансны үлдэгдлийг шалгаад зогсохгүй, хөрөнгийн эцсийн өмчлөгч хэн бэ гэдгийг тогтоох зорилготой юм.

Хамтран бизнес эрхлэгч, хөрөнгө шилжүүлэн авсан этгээд.

Тухайн албан тушаалтантай хамтран бизнес эрхэлдэг, хөрөнгийг нь үнэ төлбөргүй эсвэл зах зээлийн үнээс доогуур үнээр шилжүүлэн авсан этгээдийг ч шалгах хүрээнд авч үзэхээр байна. Энэ зохицуулалт хэрэгжвэл компанийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, газар, тээврийн хэрэгсэл, банкны данс, санхүүгийн хэрэгсэл, криптовалют зэрэг хөрөнгийн шилжилтийг судлах боломж бүрдэнэ.

Хамгийн анхаарал татах гурван зохицуулалт

Гэм буруутай нь эрүүгийн шүүхээр тогтоогдоогүй байсан ч хөрөнгийг хураах ажиллагаа явуулж болно. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураахаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна. Гэхдээ тухайн хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэгт гэм буруугүй нь шүүхээр тогтоогдож цагаадсан этгээдэд энэ заалт хамаарахгүй байхаар тусгажээ.

Хөрөнгийг нуух, шилжүүлэх эрсдэлтэй бол түр хурааж, битүүмжилж болно. Төсөлд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, банкны дансны гүйлгээг тусгаарлах, үл хөдлөх хөрөнгө болон бусад эд хөрөнгийг битүүмжлэх, шаардлагатай тохиолдолд түр хураах зохицуулалт бий. Хойшлуулшгүй нөхцөлд түр хураасан бол прокурорт нэн даруй мэдэгдэж, гурван хоногийн дотор шүүхээр шийдвэрлүүлэхээр заажээ. Хөөн хэлэлцэх хугацаагүй нэхэмжлэл гаргах боломжтой. Төслийн 64.3-т хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх шаардлага гаргахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тусгасан байна. Энэ нь өмнөх албан тушаалын хугацаанд бий болгосон хөрөнгийг олон жилийн дараа ч шалгах боломжтой гэсэн үг. Гэхдээ яг хэдэн оноос хойших хөрөнгийг хамруулах вэ гэдэг нь маргааш хэлэлцэх шинэчилсэн хувилбараас харагдана. Хуулийн төсөл батлагдаж, холбогдох заалтууд хэвээр үлдвэл дараах бүлгийн хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгах эрх зүйн үндэслэл үүснэ. Өмнө нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс. Төрийн өмчит компани, стратегийн салбарын байгууллага, төсвийн хөрөнгө оруулалт, төрийн худалдан авалттай холбоотой шийдвэр гаргаж байсан албан тушаалтнууд. Уул уурхай, ашигт малтмал, тусгай зөвшөөрөл, газрын эрх, төрийн өмчийн хувьчлалтай холбоотой шийдвэр гаргах эрх мэдэлтэй байсан хүмүүс. Төрийн тендер, концесс, төсөл хөтөлбөрөөс ашиг хүртсэн байж болзошгүй албан тушаалтнууд болон тэдгээртэй холбоотой бизнесийн этгээдүүд. Хөрөнгөө хамаарал бүхий хүмүүс, компани, бусад этгээдийн нэр дээр шилжүүлсэн байж болзошгүй албан тушаалтнууд. Хуулийн төсөлд хураан авсан хөрөнгийг Хүүхэд, залуучуудын хөгжлийн санд төвлөрүүлж, хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэнд, боловсролыг дэмжих үйл ажиллагаанд зарцуулахаар тусгажээ. Хөрөнгийг эрхлэн удирдах чиг үүргийг тус сангийн зөвлөл хэрэгжүүлэхээр төсөлд заасан байна. Тэгвэл хураасан хөрөнгийг улсын орлого болгосны дараа ямар төсөлд, зарцуулж, хэрхэн үнэлж борлуулах вэ гэдгийг олон нийтэд нээлттэй үлдээх эрх зүйн орчныг ч бүрдүүлэх ёстой.  Энэ хуулийг хэрэгжүүлэх шаардлага байгаагийн хамгийн том шалтгаан нь авлигын орлогоор бий болгосон хөрөнгө эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн эсэхээс үл хамааран эдийн засгийн эргэлтэд үлдэх эрсдэл юм. Өмнөх тогтолцоонд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож, эрүүгийн журмаар хөрөнгө хураах шийдвэр гаргуулах шаардлага тулгардаг байв. Харин шинэ төсөл хэрэгжвэл хөрөнгийн хууль ёсны эх үүсвэрийг тусад нь шалгаж, эрүүгийн хэрэгт ял шийтгүүлээгүй байсан ч хөрөнгө хураах асуудлыг шүүхэд тавих боломжтой болно. Үүний бодит ач холбогдол нь албан тушаалаа ашиглан олсон хөрөнгийг өөр хүний нэр дээр шилжүүлээд хариуцлагаас зугтах боломжийг хумина. Авлигын орлогоор бий болсон хөрөнгийг төрд буцаан авах боломж нэмэгдэх бөгөөд гадаад улсад нуусан хөрөнгийг буцаан авах хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэх юм. Мөн хураасан хөрөнгийг хүүхэд, залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөгжилд зарцуулах боломжтой болно.

Гэхдээ...

Хууль бус хөрөнгө хураах зорилго зөв байлаа ч хэрэгжүүлэх арга нь шударга бус болбол авлигатай тэмцэх нэрийн дор иргэдийн өмчлөх эрхийг зөрчих эрсдэл дагуулна. Тэгээд хууль ёсны орлогоо нотлох ачаалал иргэдийн нуруун дээр ирнэ. Төслийн дагуу холбогдогч тухайн хөрөнгийг хууль ёсоор олж авсан гэдгээ тайлбарлаж, нотлох үүрэгтэй. Гэвч олон жилийн өмнө авсан өв хөрөнгө, бэлэглэл, бизнесийн орлого, гэр бүлийн хамтын хөрөнгө зэрэгт баримт бүрэн хадгалагдаагүй байх тохиолдол бий. Тэгэхээр хууль бус хөрөнгө эзэмшээгүй ч олон жилийн өмнөх орлогоо нотолж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт ч гарч ирэх юм. Энэ бол хуулийн төсөлд хамгийн нарийн хандах шаардлагатай асуудал. Үүнээс гадна улс төрийн зорилгоор ашиглагдах эрсдэл ч үнэндээ бий. Хэрэв хөрөнгө шалгах ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зогсоох шийдвэр улс төрийн нөлөөнд орвол энэ хууль авлигачдыг илрүүлэхээс илүүтэй улс төрийн өрсөлдөгчөө шахах хэрэгсэл болж хувирах аюултай. Ялангуяа төрийн эрх солигдох бүрд өмнөх эрх баригчдын хөрөнгийг шалгаж, харин өөрийн талын хүмүүсийн асуудлыг орхигдуулдаг байдал бий болохоос сэргийлэх хэрэгтэй.

Хууль батлагдвал Монголын улс төр, бизнесийн хүрээнд нэг чухал өөрчлөлт эхэлнэ. Албан тушаалаа ашиглан хөрөнгөжсөн байж болзошгүй хүмүүс зөвхөн эрүүгийн хариуцлагаас гадна олон жилийн турш бий болгосон хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлах шаардлагатай нүүр тулна. Харин төр өөрөө ч энэ хуулийн өмнө хариуцлагатай байх ёстой. Хууль бус хөрөнгийг хураана гэдэг нь дуртай хүнийхээ өмчид халдах эрх төрд өгч байгаа хэрэг биш. Эцсийн дүндээ энэ хууль нэг л шалгуураар үнэлэгдэх учиртай.  Өмнөх, одоогийн, ирээдүйн эрх баригчид бүгдэд нь ижил үйлчлэх үү? Эсвэл зөвхөн улс төрийн эрх мэдэл солигдох бүрд ашигладаг хэрэгсэл болох уу?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ