Орос Украины дайн дууссан ч шатахууны хомсдол жил орчим үргэлжлэх магадлалтай

img

 

Өнгөрсөн долоо хоногт Сингапурт болсон “Mongolia Investment Forum” буюу Монголын хөрөнгө оруулалтын форумын үеэр “Interasia Energy” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Пьер-Ив Ригоос Монголд үүсээд буй шатахууны нөхцөл байдлын талаар тодруулжээ.

Тэрбээр “Монгол Улс нүүрсний экспортоо амжилттай нэмэгдүүлж, Хятад болон бусад зах зээлд нийлүүлэлтээ тэлж байна. Энэ өсөлтөө үргэлжлүүлэхийн тулд найдвартай түлшний нийлүүлэлт зайлшгүй хэрэгтэй.

Манай компани түлшээ ОХУ-аас биш, БНСУ болон бусад улсаас импортолдог. Бид хамгийн анх Ойрх Дорнодоос Монгол руу энэ төрлийн түлш нийлүүлж байсан. Түлшээ Хятадын төмөр замаар тээвэрлэж, хилийн орчимд байрлах нөөцийн савуудаар дамжуулан Монголын уул уурхайн компаниудад хүргэдэг ложистикийн бүрэн сүлжээтэй.

Би геополитикийн мэргэжилтэн биш. Гэхдээ Орос, Украины мөргөлдөөн үргэлжилж байгаа нөхцөлд Монголын шатахууны нийлүүлэлт ойрын хугацаанд хэвийн болно гэдэгт эргэлзэж байна. Миний таамгаар дайн дууссаны дараа ч нийлүүлэлт хэвийн болоход зургаан сараас нэг жил хүртэл хугацаа шаардагдаж магадгүй” гэжээ.

Монгол Улсын нүүрсний экспорт өсөж буй энэ үед уул уурхайн салбарын түлшний найдвартай нийлүүлэлт чухал асуудал болж байна. Энэ оны эхний 10 сард чулуун нүүрсний экспорт 88.9 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 36.9 хувиар өссөн байна.

“Интерэшиа Энержи Монголиа” ХХК нь Монгол Улсад дизель түлш импортлох, хадгалах, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компани юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ