Путин Украины дроны довтолгоонд хатуу арга хэмжээ авахаа амлав
Украины дроны халдлагын улмаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нийт хүчин чадал 45 хувиар буурсан талаар салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Тэрбээр Кремльд засгийн газрын болон газрын тосны салбарын удирдлагуудтай уулзах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уриалгыг үл харгалзан Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байгааг шүүмжилжээ.
Украины тал Оросын зүгээс Украины эрчим хүчний байгууламжуудад хийх довтолгоогоо зогсоосон тохиолдолд л хариу цохилтоо зогсооно гэж мэдэгдсэн байна. Трамп аравдугаар сарын дундуур эрчим хүчний салбарт гал зогсоох санаачилга гаргасны дараа Украины цохилт түр завсарласан ч сарын сүүлээс дахин эрчимжжээ.
Халдлагын улмаас Оросын зарим бүс нутагт бензин, дизель түлшний жижиглэнгийн худалдааг хязгаарласан байна. Харин Путин дотоодын түлшний зах зээлийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч аравдугаар сард оргилдоо хүрсэн бензиний үнэ тогтворжсон гэж мэдэгджээ.
Мөн Европын Холбоо ирэх нэгдүгээр сарын 1-нээс Оросоос далайгаар тээвэрлэгддэг шингэрүүлсэн байгалийн хий (LNG) худалдан авахаа бүрэн зогсоохоор болсон байна. Өнгөрсөн онд Оросоос Европт нийлүүлсэн LNG-ийн хэмжээ 13.7 сая тонн орчим байжээ.
Харин Путин Европын эрчим хүчний экспортоо хязгаарлах оролдлого үр дүнд хүрэхгүй бөгөөд Орос улс шинэ зах зээлээ тэлж, Умард мөсөн далайн тээврийн замыг түлхүү ашиглаж байгааг мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ