3.2 тэрбумаар баригдсан цэцэрлэг цуурч, 290 хүүхэд хуучин цэцэрлэг рүү нүүлээ

img

 

3.2 тэрбумын цэцэрлэг цуурч, 290 хүүхэд хуучин 49 дүгээр цэцэрлэг рүү нүүжээ.

Төсвийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан 335 дугаар цэцэрлэг ашиглалтад ороод ердөө нэг жилийн дараа цуурч, суурь нь 2-10 сантиметр суужээ. Барилгын чанар ийнхүү алдагдсаны улмаас 290 орчим хүүхдийг хуучин 49 дүгээр цэцэрлэгийн байр болон салбар цэцэрлэгт түр шилжүүлсэн байна.

Цэцэрлэгийг 2024 онд “Гранд Марз” компани барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн ч 2025 оноос хана, таазанд нь цууралт үүсэж эхэлжээ. Энэ оны арваннэгдүгээр сараас цууралт нэмэгдэж, шал, суурь суухын зэрэгцээ дулаан, цахилгааны холболтод доголдол гарсан байна.

Хамгийн ноцтой нь хүүхдүүдийг нүүлгэж, барилгын асуудлыг шийдвэрлүүлэхээр шаардлага хүргүүлсэн ч гүйцэтгэгч компани холбоо барихад утсаа авахгүй байгаа аж. Цэцэрлэгийн удирдлага арванхоёрдугаар сарын 5-ны дотор арга хэмжээ авахыг шаардсан байна.

Харин хүүхдүүдийг шилжүүлсэн 49 дүгээр цэцэрлэгийн хуучин байр нь эцэг эхчүүдэд хол зам туулах, хүүхдээ хүргэж авахад хүндрэл учруулжээ.

Нэг жилийн дараа суурь нь сууж, хана тааз нь цуурсан барилгыг улсын комисс ямар шалгуураар хүлээн авсан бэ? Татвар төлөгчдийн 3.2 тэрбум төгрөгөөр барьсан цэцэрлэгийн чанарт хэн хяналт тавьсан бэ? Одоо хүүхдүүдийг хуучин цэцэрлэгт шилжүүлж, гүйцэтгэгч нь холбоо барихгүй байгаа энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ