Прокурорууд сумдад ажиллана
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн удирдамжийн дагуу Завхан аймгийн прокурорын газрын прокурорууд 2012 оны 01 дүгээр сарын 16-19 ний өдрүүдэд тус аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон, Алдархаан сумдад ажиллалаа. Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлөлт хариуцсан туслах прокурор Х.Жанибек нар прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд хөдөө сумдын ард иргэдтэй уулзаж, сумдын эрүүгийн хэргийн нөхцөл байдалтай танилцаж, байгууллага аж ахуй нэгжээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаатай танилцан иргэдийн санал, хүсэлтийг газар дээр нь сонсож, эрүүгийн хууль тогтоомжийн болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, аймаг, сумын эрүүгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, иргэд, хөдөлмөрчдийн санал, хүсэлтийг сонсож зарим иргэдтэй биечлэн уулзаж ажиллалаа. Түүнчлэн сумдад ажилласан прокурорууд сумдын ИТХ, Засаг дарга, ГХУСА-ыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, албан байгууллагын удирдлагуудтай уулзаж, сум орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохиож байгаа ажилтай танилцаж санал солилцон, зохих чиглэл өгөв. Сумын ард иргэд, байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байхад дээрх сумдын хэмжээнд энэ жил өвөлжилт харьцангуй сайн байгаа хэдий ч архидалт газар авсан, хэрэг зөрчил буурахгүй байгаа, малын хулгай, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргүүд зонхилон гардаг, тэр дундаа мал хулгайлагдсан талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн хэсгийн төлөөлөгчид мэдэгдэхэд огт шалгалгүй орхигдуулдаг, хууль тогтоомж орон нутагт төдийлөн сайн хэрэгжихгүй байгаа, түүнчлэн сум орон нутгийн удирдлагууд, багийн дарга нараас ч хууль хэрэгжүүлэх талаар санаачилгагүй, хангалтгүй ажилладаг талаар голлон иргэдээс санал шүүжлэл гарч байна. Уулзалт ярилцлагад 240 гаруй иргэд оролцон 10 удаа санал хүсэлт гаргасан байна. Иргэд, хөдөлмөрчдөөс прокурорын байгууллагаас хөдөө сумдын ард иргэдтэй уулзан тэдний санал бодлыг сонсож байгаад талархан хөдөө сумдад хууль сурталчлах, иргэдтэй уулзах ажлыг тогтмол хугацаанд зохиож байх саналуудыг гаргаж байв. Тус прокурорын газраас Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлыг тодорхой графикт хугацаанд нийт сум, албан байгуулага, аж ахуйн нэгжид зохион байгуулахаар болжээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ