БНСУ-аас оруулж ирсэн үнэт эдлэл зөрчилтэй нь тогтоогджээ

img

Сорьцын хяналтын хэлтсийн улсын байцаагчдын хийсэн шалгалтаар  Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Мөнгөн завъяа дэлгүүрийн зарим лангуунд сорьцын баталгааны зөрчилтэй үнэт эдлэл худалдаж  байсан нь илэрчээ. Тухайлбал, иргэн Б.Оюунтуяагийн лангуунд 26 ширхэг  гинж, 10 хос ээмэг 551,21 сорьцтой, Б.Бямбаагийн лангуунд 50 бөгж нь 575,61 сорьцтой, Ф.Нацагнямын 20 ширхэг  гинж 580,85 сорьцтой гарсан төдийгүй иргэн Б.Гансүхийн 4 ширхэг  гинж, Чинзоригийн хоёр ширхэг  гинжин бугуйвч мөн сорьцын баталгаажуулалтын шаардлага хангахгүй гарсан байна. Бүгд Найрамдах Солонгос Улсаас оруулж ирсэн импортын гэх дээрх зөрчилтэй эдлэлүүд нь үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй тул үйлдвэрлэгч тодорхойгүй бөгөөд эдлэл дээрээ зөвхөн 585 буюу 14 к гэсэн цифр цохигдсон нь сорьцын баталгааны тэмдэггүй эдлэл гэх үндэслэлтэй гэж үзжээ. Дээрх үнэт эдлэлүүд нь сорьцын баталгаажуулалтанд хамрагдаагүй бөгөөд эдлэл дээрээ цохигдсон 585 гэсэн сорьцын цифртээ хүрээгүй аж. Тиймээс БНСУ-аас оруулж ирсэн үнэт эдлэл сорьцын баталгаажуулалтын шаардлага хангахгүй хэрэглэгчдийг хохироох магадлал өндөр байгааг  Стандартчилал, хэмжил зүйн газраас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ