Гэрэлтүүлэгт есөн тэрбумыг зарцуулна
Нийслэлийн захирагчийн ажлын албаны хот нийтийн аж ахуй хэлтсээс “Чанар манай зорилт” ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Тус хэлтсийнхэн энэ жил гэрэлтүүлгийн чанарт онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв. Нийслэл хотын гэрэлтүүлгийг өмнө нь “Цахилгаан тээвэр”, “Гэрэлтүүлэг чимэглэл” компаниуд хариуцдаг байсан бол өнгөрсөн жил уг ажлыг дүүргүүдэд хариуцуулах болжээ. 2011 онд гэрэлтүүлгийн ажлын төсөвт таван тэрбумыг төсөвлөсөн ч Улаанбаатар хотын төв замуудад хийгдсэн зам засварын өргөтгөл цаг хугацаандаа дуусаагүйгээс гэрэлтүүлгийн ажил он дамжихад хүрсэн гэнэ. 2012 онд нийслэлийн гэрэлтүүлэгт есөн тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 95-100 хувь асаах боломжтой. Энэ хөрөнгийг чанартай, үр ашигтай зарцуулах нь чухал гэж Хот нийтийн аж ахуйн хэлтсийн дарга н. Тунгалаг хэлэв.
Хот нийтийн аж ахуйн хэлтсээс санаачлан зохион байгуулсан энэхүү уулзалтыг хоёр сар тутамд зохион байгуулахаар болж, дараагийн удаад дүүргүүд хотын гэрэлтүүлгийн асалтын хувь, чанарын талаар мэдээлж, гарсан зөрчлөө дор бүр нь арилгаж байхаар тогтлоо.
Н. Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ