СоцИнтернийн ази-номхон далайн бүсийн хорооны хурлаас тунхаг бичиг гаргалаа

img

СоцИнтернийн ази-номхон далайн бүсийн хорооны хурлаас тунхаг бичиг гаргалаа СоцИнтернийн ази-номхон далайн бүсийн хорооны хурлыг Монгол Ардын Нам зохион байгуулсан. Энэхүү хурлаас дараахь тунхаг бичиг гарсан байна. Уг тунхаг бичигт “ Монгол Ардын Нам /МАН/ нь 1921 оны 3 дугаар сарын 1-ний өдөр үүсэн байгуулагдаж, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулж, Ардын засгийг байгуулан Монгол Улсын хөгжлийн улстөрийн үндэс суурийг тавьж, 1939, 1945 оны дайнд эх орноо харийн дайснаас өмгөөлөн хамгаалж, тусгаар тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулсан нам мөн.

Монгол Ардын Нам нь 1961 онд тусгаар тогтносон Монгол Улсаа НҮБ-ийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлж, монгол оронд атар газар эзэмшиж, шинэ хот сууринг сүндэрлүүлэн босгож, улс орныг хамарсан их бүтээн байгуулалт өрнүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, үндэсний урлаг, биеийн тамир спортыг хөгжүүлж, шинэ Монгол Улсыг бүтээн байгуулсан Монголын улс төрийн ууган нам билээ. 90-ээд онд өөрчлөлт шинэчлэлтийг санаачлан эхлүүлж, ардчиллыг зүй ёсоор нь хөгжүүлэхийн төлөө ажиллаж, хүнд бэрх шилжилтийн хугацаанд ардчилсан шинэчлэлийн голлох хүчин болж ирсэн Монгол Ардын Нам нь Монгол орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг удирдан чиглүүлж ирсэн, хөгжил дэвшлийн шинэ сорилтуудыг даах чадвартай улс төрийн хүчин юм. Монгол Ардын Нам бол үргэлж шинийг эрэлхийлж, ололт амжилтаа бататгаж, алдаанаасаа суралцдаг нам юм. Монгол Ардын Нам нь өөрийн үнэт зүйлс, зарчимд тулгуурлан ардчилсан өөрчлөлтийн 20 жилийн ололт амжилт, алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, хүрсэн түвшингээ тодотгон тодорхойлж, цаашдын хөгжлийн 20 жилийн бодлого зорилтоо тодорхойлжээ. 2010 оны 11 дүгээр сард хуралдсан ХХYI Их хурал намын хувьд шинэчлэлийн, улс орны хувьд хөгжлийн Их хурал болсон гэж тодотгож болно.

Тус хурлаар МОНГОЛ АРДЫН НАМ хэмээх уугуул нэрээ сэргээж, "Монгол Ардын Нам бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолсон. Нийгмийн ардчиллын үзэл баримтлалыг тууштай баримтлагч Монгол Ардын Нам нь 1999 онд Францын Парис хотноо СоцИнтернийн Зөвлөлийн хурлаар ажиглагч гишүүн, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо СоцИнтернийн XXII Их хурлаар бүрэн эрхт жинхэнэ гишүүнээр элссэн билээ.

Тэр цагаас хойш Монгол Ардын Нам нь СоцИнтернийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бидний хамтын үнэт зүйлс болох эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үзэл санааг эрхэмлэн дээдэлж, Ази тивд нийгмийн ардчиллын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үлгэр дууриал болж байна. Иймд СоцИнтерн нь Монгол Ардын Намыг нэр хүндтэй, туршлагатай, тулхтай, улс төрийн хүчний хувьд тэгш хүртээмжтэй хөгжлийн замаар улс орныхоо ирээдүйд шинэ шинэ амжилтыг авчирч, бүс нутаг дахь энх тайван, аюулгүй байдал, ардчилал, тогтвортой хөгжил дэвшлийн төлөө улам ихийг хийж бүтээж чадна гэдэгт бүрэн итгэж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ