
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хотын камержуулалтын асуудлаар нийслэлийн Цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас хулгайн болон танхайн гэмт хэргийг багасгах зорилгоор шаардлагатай буюу гэмт хэрэг хамгийн их гардаг, гарах магадлалтай газруудыг камержуулахаар төслийн ажил эхлүүлсэн аж.
Төслийн хүрээнд 400 сая төгрөгийн эхлэл зардалтайгаар утасгүй камержуулалтын системийг нэвтрүүлэх төслийг өнгөрсөн оны зургадугаар сараас эхлүүлсэн аж. Төслийн хүрээнд цагдаагийн хэлтэс хороод, хөдөлгөөнт эргүүлийн машинд камерийн холболт хийхээр төлөвлөж холболтын ажлыг эхлүүлжээ.
Гэвч гэрэлгүй орчинд камер байгаад ч нэмэргүй, дээрээс нь утаанаас болж камерын чанар, харагдах байдалд нөлөөлөх тул нийслэлийн гэрэлтүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй гэнэ. Дээрэм, танхайрах, бусдын гэмтэл учруулах, хулгайн гэмт хэргийн 79 хувь нь гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын ойр орчмын гэрэлтүүлэггүй орчинд үйлдэгддэг байна. Иймд нийслэлийн гэрэлтүүлэг нь хэрэглээ гэхээсээ илүүтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгон ашиглах боломжтой.
Ямартай ч, энэ онд нийслэлийн дүүргүүдийн гэрэлтүүлэгт есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, 90-100 хувь гэрэлтэй хот болгохоо холбогдох албаныхан өнөөдөр амлалтаа өгсөн. Үнэхээр төлөвлөсөн ёсоор амлалтаа биелүүлж чадвал нийслэлийн Цагдаагийн газрын 400 сая төгрөгийн төсөл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээч сайн биелүүлэх болов уу. Гэмт хэрэг ч гэлтгүй хотын иргэд хаа ч явсан харанхуйгаас айх айдасгүй тайван амгалан алхах цаг ирэх биз ээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ