Буриад сурын танхимын харваа маргааш эхэлнэ

img

Шинэ оны анхны сурын харваа маргааш ХУД-ийн спорт танхимд эхлэх юм. Дорнод нутаг спорт холбооноос, Буриад сурын холбоотой хамтран энэ оны анхны сурын харвааг танхимд зохион байгуулах гэж байна. Дорнод нутаг спорт холбоо саяхан байгуулагдаж МУГД, улсын начин Б.Пүрэв-очирын нэрэмжит барилдааныг зохион байгуулсан. Тэгвэл энэ холбооноос, Буриад сурын холбоотой хамтран шинэ оны сурын харвааг танхимд зохион байгуулах гэж байна. Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болох буриад сурын танхимын харваанд улсын цол зэрэгтэй үе үеийн шилдгүүд болон энэ цаг үеийн бүх л харваачид цэц мэргэнээ сорих юм байна. Мөн энэ харвааны үеэр Дорнод нутгаас төрөн гарсан улсын гарамгай мэргэн А.Цэвээнд хүндэтгэл үзүүлэх аж. Манай улсад халх, урианхай, буриад, түнх гэсэн 4 төрлийн харваа байдаг. Харин улсын хэмжээнд халх, урианхай, буриад гэсэн харваанууд хөгжсөн бол үндэсний их баяр наадмын сурын харваа урианхайгаар эхэлдэг уламжлалтай. Тэгвэл түнх харваа улсын хэмжээнд хараахан дэлгэрээгүй хэдий ч Дорнод нутгийнхан ихэвчлэн харвадаг байна. Буриад сурын харваа нь 45 болон 36 метрийн зайнаас 64 сум харвадаг. Харин энэ удаагийн тэмцээн болох танхим 36 мтерийн урттай учраас харваачид 30 метрээс 32 сум тавих аж. Ингээд хэн нь илүү харваж цэц мэргэн байсан харваачыг онооны нийлбэрээр байр эзлүүлэх юм. 2012 оны 7-р сарын 22-нд Буриадын Читэд “Алтаргана” наадам болно.  Энэ наадамд БСХ-ноос хоёр баг оролцуулахаар төлөвлөжээ. Харин буриад сураар Хятад болон Орост харвадаг. 250 гаруй жилийн түүхтэй энэ сураар манай улсын харваачдын 70-80 хувь нь буюу Дорнод нутгийнхан харвадаг байна. Сүүлийн үед Өмнөговь, Орхон,  Баян-Өлгий аймгийн харваачид цэц мэргэн, ур чадвар сайтай болсон байна.  А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ