
Эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлчихээд гажигтай болохоор нь төрөх тасагт орхиод явах нь элбэгших боллоо. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд л гэхэд эхдээ гологдсон 2 хүүхэд байгаа юм.
Тэд өөр ээжийн хөхийг амлан амьдарч байна. Эхдээ гологдсон 2 хүүхдийн нэг нь 1 сар гарантай болчихоод байна. Харин нөгөөх нь 10 гаруй хоногтой юм байна. Гологдсон 2 хүүхдийн нэг нь эрүүл саруул харин нөгөө хүүхдийнх нь гарын хуруу нь хоорондоо наалдсан гарчээ.
Тиймээс ээж нь гажигтай хүүхэдтэй болохгүй гээд өөрийгөө зовоон байж гаргасан хүүхдээ голсон гэж эмч нар хэлж байлаа. Харин нөгөө хүүхэд нь эрүүл саруул хэрнээ ээждээ ямар ч шалтгаангүйгээр гологджээ. Энэ мэтчилэн хүүхдээ гаргачихаад төрөх эмнэлэгт орхиод явах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон байна.
Тодруулбал 2009 оноос хойш гарч байгаа 6 дахь тохиолдол нь болж байгаа юм. Өмнө нь ээжүүд өлгийтэй хүүхдээ гудамжинд хаяжээ аль эсвэл амьдралын боломжгүйгээс болоод хүнд орхиод явчихжээ гэж бид олон удаа сонсч байсан. Харин одоо хүүхдээ гажигтай гээд голдог болчихсон байх юм. Уг нь бол үхтэл үр харам гэж үг байдаг. Гэтэл тэр цаг үе ч өөрчлөгдаж дээ... Үүнийг шийдэх нэг арга бол эмнэлгүүд ургийн түвшинд гажиг байгаа эсэхийг оношлох тоног төхөөрөмж сайтай байх хэрэгтэй байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн ургийн төвшинд гажиг оношлох тоног төхөөрөмжөө сайжруулья гээд эрүүл мэндийн яаманд төслөө бичээд өгчихжээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэзээ шийдэж өгөх нь тодорхойгүй байна. Ойрын хугацаанд шийднэ гэдэг “итгэмээргүй” тайлбарыг эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон эмннэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлсэн. Нэг үеэ бодвол ургийн гажигийг эрт үед оношлох боломж Монголын эмнэлгүүдэд бий болсон.
Гэтэл жирэмсэн эмэгтэйчүүд долоо эсвэл найман сартай байхдаа хэвлий дэх хүүхдээ гажигтай гэдгийг нь мэдээд үр хөндүүлье гэж эмнэлэгт хандах нь ихэсчээ. Гажиг юунаас болоод байгаа нь тодорхойгүй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Хэдийгээр агаарын бохирдол, эм тариа зэрэг нөлөөлж байгаа гэдэг ч удамшил бас нөлөөлдөг байна. Хүмүүс ярихдаа би зүгээр , манай нөхөр ч зүгээр гэж хэлдэг. Гэвч үр хөврөл хуваагдлын үед урагт өөрчлөлт орох нь их байдаг байна. Төрүүлсэн үрээ битгий голооч ээжүүдээ... тэд чинь эхийнхээ хөхийг хайж, ээжийнхээ сүүг уухыг хүлээж л суугаа шүү дээ.
Б.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ