
Өчигдөр Английн цомын аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээр шатны тоглолтууд боллоо. Өмнөх шатанд хамгийн хүчтэй өрсөлдөгч Манчестер Сититэй таарч, улмаар ялж гарч ирсэн Манчестер Юнайтед энэ шатанд Ливерпультай учраад байлаа.
Ливерпуль Энфилд цэнгэлдэхдээ Манчестер Юнайтедыг хүлээн авсан бөгөөд энэ тоглолтод эцсийн мөчид Дирк Куитын аз түшсэн гоолын ачаар талбайн эзэд ялсан юм.
Ингэснээр Премьер лигийг тэргүүлэгч Манчестерын хоёр клуб ээлж дараалан Английн цомын тэмцээнээс хасагдлаа.
Тоглолт эхлээд 21 дэх минутад Ливерпулийн дани хамгаалагч Даниэл Аггер гоолын салхийг хагалснаар талбайн эзэд давамгайлж ирсэн.
Харин 39 дэх минутад Пак Жи Сун Хосе Рейнагийн хаалганд асар хүчтэй цохилтоор гоол хийснээр тооны харьцаа 1:1 болсон. Премьер лигийн өмнөх тойрогт Болтонд 3:1-ээр хожигдож Ньюкастлыг “барих” боломжоо алдан ичгэвтэр байдалд ороод байсан Ливерпулийг энэ тоглолтод ялагдах магадлал өндөр хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байсан.
Гэсэн ч Улаан чөтгөрүүдийн хувьд Энфилд амаргүй байх нь лавтай байлаа.
Тоглолт тэнцээгээр өндөрлөх магадлал их болж байсан 88 дахь минутад солилцоогоор орж ирээд байсан Дирк Куит Манчестер Юнайтедын хаалганд хожлын гоолыг оруулснаар ийнхүү Манчестер Юнайтед хасагдаж Ливерпуль тавдугаар шатанд орлоо.

Одоогоор тавдугаар шатанд үлдэх 16 клубын 12-ынх нь нэрс тодроод буй. Английн хүчирхэг гэгдэх клубүүдээс Манчестерын хоёр клуб ийнхүү хасагдаж хөлбөмбөг сонирхогчдын тааврыг будилуулж байгаа бол Челси, Ливерпуль, Тоттенхэм гэсэн гурван клуб дараагийн шатанд ороод байна.
Премьер лигийг өнгөлж буй клубүүдээс Ньюкастл Манчестер Юнайтедын нэгэн адил дөрөвдүгээр шатнаас Брайтон ба Хоув Альбион клубт санаанд оромгүйгээр хожигдож хасагдаад байгаа бол Арсенал Астон Виллагийн эсрэг өнөөдөр орой тоглох болно.
Хэрэв Арсенал өрсөлдөгчөө буулган авч дараагийн шатанд үлдэж чадвал Челси, Ливерпуль, Тоттенхэм, Арсенал клубуудын хооронд гол өрсөлдөөн өрнөх болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Одоогоор дараагийн шатанд гарах эрхээ өвөртөлсөн 12 клубээс долоо нь Премьер лигийн төлөөлөл. Энэ тоо ес ч болж өсөх магадлал их.
Ингээд тавдугаар шатанд шалгарсан 12 клубуудын нэрсийг танилцуулая.
Челси
Ливерпуль
Тоттенхэм
Сток Сити
Эвертон
Болтон
Норвич Сити
Брайтон ба Хоув Альбион
Стивенэйж
Бирмингем
Лейкастер
Кроли таун
Тавдугаар шатанд шалгарах клубууд.
Сандерлэнд – Миддлсбургын хожсон нь
Миллуолл-Саутхэмптоны хожсон нь
Блэкпүүл-Шеффилдийн хожсон нь
Арсенал-Астон Виллагийн хожсон нь
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ