Чигэстэй голын мөс задарч, таван айл усанд автжээ
Амралтын өдрүүдэд Завхан аймгийн Улиастай сумын нутагт цочир хүйтрэн “Чигэстэй” голын мөс задарч, халиа гүйсний улмаас Жаргалант багийн Тээвэрчдийн хэсгийн таван айлын хашаанд ус түрэн оржээ. Цаашид голын дагуух бусад айл өрхүүд усанд автах нөхцөл байдал үүссэн тул аймгийн Онцгой комиссыг хуралдуулан аймгийн төвийн ард иргэдэд заавар зөвлөмж өгч, ус орж хөлдсөн дээрх айлын хашааны мөсийг ховхлон зөөж, 30 метр газар хамгаалалт хийжээ. Улмаар ус хуримтлагдсан гурван хэсэгт цооног гаргаж, 65 метр газар суваг татан усны голдирлыг өөрчилж иргэдийг аюулгүй болгожээ. Дээрх ажлыг аймгийн Онцгой комиссоос, Улиастай сум, Онцгой байдлын хэлтсээс нийт 38 хүн хийж гүйцэтгэсэн байна. Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ