Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлжээ

img

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдэж орсны 15 жилийн ой энэ  сарын 29-ний өдөр тохиов. Гадаад Харилцааны сайд Г.Занданшатар ойн хүрээнд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Монголчууд бид эрт дээр үеэс арилжаа, худалдаа эрхлэн “Торгоны зам”-ын бүс нутгийн аюулгүй байдлыг сахиулж байсан түүхтэй. Орчин цагт олон улсын худалдаа ДХБ-ын дүрэм, журмаар зохицуулагдаж байна. Монгол Улс ДХБ-ын гишүүн болох хүсэлтээ анх 1994 онд гаргаж, улмаар 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй. Гишүүн болоход манай улс АНУ, Европын Холбоо, Япон, БНСУ зэрэг томоохон эдийн засагтай орнуудтай хийсэн хэлэлцээ амаргүй даваа байсан гэдэг нь ойлгомжтой юм. БНХАУ, ОХУ-ын ДХБ-д нэгдэх хэлэлцээ 15 жил, 18 жил тус тус үргэлжилснээс үзэхэд энэхүү амаргүй давааг харьцангуй богино хугацаанд даван туулсан тухайн үеийн Засгийн газар, хэлэлцээнд оролцогчид шаргуу, нөр их хөдөлмөр шингээсэн нь харагдаж байна. Тухайн үеийн хэлэлцээнд оролцогчдод хэлэлцээг амжилттай дуусгавар болгосонд халуун баяр хүргэж байна. Манай улс илүү нээлттэй, чөлөөтэй худалдаа, эдийн засгийн бодлого баримтлан, валютын ханшийг чөлөөлсөн нь эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, улмаар түүнийг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 1990-ээд оны дунд үе хүртэл уналтанд ороод байсан эдийн засгийг дахин сэргээхэд гадаад худалдааны нээлттэй бодлого ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. 2011 онд манай улс 130 гаруй улстай худалдаа эрхэлж, гадаад худалдааны эргэлт 11 тэрбум гаруй ам.долларт хүрснийг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал даруй 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 1990 оноос хойш манай улсад нийт 110 шахам улсаас 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Эдүгээ ДХБ 157 орныг эгнээндээ нэгтгээд байгаа бөгөөд байгууллагын гишүүн орнуудын хооронд хийгдэж байгаа худалдаа дэлхийн нийт худалдааны 97 хувийг эзлэх болсон нь тус байгууллагын олон улсын худалдаанд гүйцэтгэж байгаа үүрэг чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. ДХБ-д гишүүнээр элсэн худалдааг чөлөөлөх нь нэг талаас хөгжингүй орнуудтай худалдаа эрхлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, нөгөө талаас өргөн хэрэглээний барааны импортыг нэмэгдүүлэх, улмаар тухайн үед үүсээд байсан барааны хомсдлыг арилгах, иргэдийн худалдаа эрхлэх, улмаар амьдралаа дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байсныг үгүйсгэх аргагүй юм. Нөгөөтэйгүүр, гишүүн орнуудын худалдаатай холбоотой мэдээллээр чөлөөтэй хангагдах, худалдаанд илүү шударга нөхцлөөр оролцох, хоёр талын худалдаанд тулгарч буй асуудалд олон талт механизмыг ашиглах, мэргэжилтэн сургах зэрэг ач холбогдолтойг тэмдэглэх нь зүйтэй. Манай улс ДХБ-ын бүрэн эрхт гишүүнийхээ хувьд олон улсын худалдааны дүрэм, журам, аливаа шийдвэр гаргахад өөрийн орны эрх ашгийг хамгаалан оролцож байна. ДХБ-ын хүрээнд явагдаж буй одоогийн хэлэлцээнд манай улс жижиг, эмзэг эдийн засагтай орнууд, далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд, сүүлд нэгдсэн орнуудтай нэгдэн нийтлэг эрх ашгаа хамгаалан оролцож байгааг дурдахад таатай байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гадаад худалдааны салбарын хариуцлагатай албыг хашиж байгаа нийт хамт олондоо энэхүү эрхэм үйлсэд хамтдаа хүчин зүтгэж, улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. Та бүхэнд Монгол Улс ДХБ-д нэгдэж орсны 15 жилийн ойн мэндийг дахин дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ