Хөдөө орон нутгаас шилжин ирэгдсийн дийлэнх нь Баянзүрх дүүрэгт суурьшиж байна. Тиймээс тус дүүрэг хамгийн олон хүн амтай дүүрэг болжээ. Тэрчлэн хүн амын нягтаршил газар нутгийн байршлыг харгалзан 2011 онд тус дүүрэгт шинээр дөрвөн хороо нэмж, 28 хороотой болгосон. Шинэ хороодын байрны асуудлыг эхнээс нь шийдвэрлэж эхэлсэн бөгөөд өнөөдөр XXV хорооны цогцолбор байрны нээлтээ хийснээр иргэдэд нэг цэгийн үйлчилгээ хүргэх боломжтой боллоо.
Нээлтийн ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Төмөрбаатар, Тамгын газрын дарга Д.Баатарням, болон бусад албаны хүмүүс оролцсон байна. XXV хороо нь VI хорооноос өрх тусгаарлаж салсан бөгөөд одоо 1446 өрхийн 7031 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлэх юм байна. 350 сая төгрөгийн санхүүжилтээр баригдсан хоёр давхар орчин үеийн стандартад нийцсэн уг барилгын гүйцэтгэгчээр Ди Си Эич ХХК ажиллажээ.
Цогцолбор байранд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны ажлын албанаас гадна ахмадын зөвлөл, иргэд нийтийн хурлын танхим, чийрэгжүүлэлтийн танхим, тусгаарлах өрөө зэргийг байрлуулсан байна. Дүүргийн Засаг даргын тамгын газраас тус хорооны байрыг камержуулж, техник тоног төхөөрөмжийг бүрэн хангаж өгчээ. Мөн тус хороонд XIII хороололд шинээр ашиглалтад орох байшин хорооллын 976 өрхөд төрийн үйлчилгээг үзүүлэх аж.
Н.Дэлгэр