
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж иргэн бүрт олгох 1 сая төгрөгийг иргэдээс сонголт хийлгэн хүсвэл бэлэн мөнгөөр олгох нэмэлт өөрчлөлтийг дэмжлээ. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж суурь тэтгэврийг бий болгох хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахаас өмнө батлах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
Аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон 10 хувийн хувьцааг иргэд рүү шилжүүлэхээр болсон. Ингэснээр иргэдийн авч болох хувьцааны хэмжээ 20 хувьд хүрнэ гэсэн үг юм. Одоогийн байдлаар энэ жилийн улсын төсөвт 55-аас дээш насны бүх эмэгтэй , 60 - аас дээш насны бүх эрэгтэй болон 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлнээр олгох 1 сая төгрөг суучихаад байгаа. Засгийн газраас олгох шийдвэр гаргавал хэзээ мөдгүй олгож болно гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин онцолсон. Харин үлдэж буй иргэдийн хувьд Тавантолгойн хувьцаа нэрлэсэн үнээр дэлхийн зах зээл дээр IPО хийгдэж эхэлснээс хойш хишиг хувиа бэлнээр авах уу хувьцаа хэлбэрээр авах уу гэдгээ өөрсдөө шийдэх аж.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж ажлын хэсэг томлиж ажиллуулахаар болсон байна. Харин УЙХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нараас өргөн барьсан орон нутгийн сонгуулийн хуулинд нэмэлт , өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар өргөн барихаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ