Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчийн санал авах, тоолох ажлыг автоматжуулахад БНСУ-ын “Miru Data System” компанид үйлдвэрлэсэн сонгогчийн бүртгэлийн машиныг авч ашиглах шийдвэр гаргасан юм. Гэвч олон нийтийн зүгээс дээрх санал тоолох машиныг шаардлага хангахгүй гэсэн шүүмжлэл ирсэн учраас эрх бүхий албанынхан шийдвэрээ цуцлахад хүрсэн билээ. Одоогоор санал тоолох машиныг АНУ-аас оруулж ирэх болсон тухай мэдээлэл бий. Энэ талаар УИХ-ын хэд хэдэн гишүүдээс тодрууллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин
-Санал тоолох машиныг хэзээнээс оруулж ирэх юм бол оо?
-Сонгуулийн ерөнхий хороонынхон санал тоолох машины асуудлыг бүрэн хариуцах ёстой. Миний мэдэхээр одоогоос арав гаруй хоногийн өмнө тус хорооноос Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр АНУ-ын нэгэн компаниас санал тоолох машинаа авах болсон тухай шийдвэрээ танилцуулж байна лээ. Өмнө нь АНУ-ын нэг компанитай гэрээ хийхээр тохиролцсон ч тэдний талаас тавьж буй шаардлага нөхцөл нь монголын хуультай зөрчилдсөн учраас гэрээ хийх боломжгүй юм билээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын талын компани санал тоолох машинаа манайд худалдахгүй түрээслүүлэх нөхцөлтэй гэрээ хийнэ гэсэн учраас манай талаас татгалзсан БНСУ-ын компанитай хамтарч ажиллах шийдвэр гаргасан ч санал тоолох машин нь скайнертай адил хэмжээний хүчин чадалтай гэж гологдсон шүү дээ. Тиймээс дараагийн компаниараа Сонгуулийн ерөнхий хороо дахин АНУ-ын компанийг сонгосон гэсэн мэдээлэл байна. Одоогоор уг ажил гэрээ хийх шатандаа явж байгаа байх. Ирэх хоёрдугаар сарын дундуур орж ирэх болов уу гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
-Ямартай ч энэ жилийн сонгуулийн үеэр санал тоолох машиныг ашиглана биз дээ?
-Тэгнэ. Сонгуулийн хуульд санал тоолох машиныг хэрэглэх тухай заасан.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба
-Санал тоолох машины сураг байна уу?
-Санал тоолох машиныг өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй нь маш их хардалт төрүүлж байна. Уг нь бол өдийд оруулаад ирчихсэн байх ёстой шүү дээ. Эсвэл хэн нэгний эрх ашиг байна уу гэх хардлагыг олон нийтэд бий болгож байна. Тиймээс санал тоолох машиныг оруулж ирэх асуудалд хяналт тавих хэрэгтэй. Хэрэв УИХ-аас эцсийн байдлаар шийдвэр гаргаагүй бол яаравчлах нь зөв.
УИХ-ын гишүүн З.Энхболд санал тоолох машин авахтай холбоотой асуудал удааширч буйд Сонгуулийн ерөнхий хорооныхныг буруутгаж байгаа хүний нэг. Тэрбээр АТГ-т СЕХ-ны гишүүдийг шалгуулах тухай хүсэлт хүргүүлсэн билээ. Түүнээс зарим зүйлийг тодруулла.
-АТГ-т СЕХ-ны гишүүдийг шалгуулах хүсэлтийг та гаргаж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Би ямар ч байсан АТГ-т СЕХ-ныхныг шалгуулах хүсэлтээ гаргасан. Өнөөдрийг хүртэл надад хариу мэдэгдээгүй байна. СЕХ-ныхны хэлж ярьж байсан зүйл үнэхээр биелэлээ олж чаддаггүй. Уг нь бол бүрэн автомат машин авна гэж ярьж байсан. Гэтэл Солонгосчуудын гэртээ хэрэглэдэг скайнер аваад ирсэн шүү дээ.
-Санал тоолох машин нь тийм ховор юм уу?
-Дэлхий даяар санал тоолох машиныг хэдэн зуун мянгаараа ажиллаж байхад юу нь ховор байдаг юм бэ. Зах зээлийн нйигэмд ховор юм гэж байхгүй. Хэрэгцээ нь байгаа бол үйлдвэрлээд л өгнө.
Б.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ