
Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын Биологийн олон янз байдлын тухай Конвенцид 1992 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр соёрхон баталсан билээ.
Энэхүү суурь конвенцийн хүрээнд батлагдан гарч буй “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” болон “Био аюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол”-д Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурав.
“Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” батлагдснаар экологийн тэнцвэрт байдлыг хадаглагдахын зэрэгцээ дараах эерэг үр дүнд хүрэх юм. Үүнд:
Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилгоор генетик нөөц баялгаас олсон орлогыг генетик нөөц хамгаалал, дархан цаазтай газар, ботаникийн цэцэрлэг, судалгааны санхүүжилт, генетик нөөцийн судалгаа, биотехнологийн чиглэлийн жижиг, дунд бизнесийг дэмжих, генетик нөөцөд нэвтэрсэн болон ашигласны татвар, бусад төлбөр, хураамжийг протоколын дагуу холбогдох санд төвлөрүүлэх, энэ чиглэлийн үйл ажиллагааг эрхлэх их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, хувийн хэвшлийнхэн ашиг хүртэх шударга нөхцөл бүрдэнэ.
Генетик нөөц ашигласнаас орж ирэх орлого нь түр зуурын ашиг биш, урт удаан хугацааны хөгжлийн хэрэгцээтэй шууд холбоотой байна. Өөрөөр хэлбэл, Монгол улсад нөхөн сэргээгддэг нөөцийн хувьд генетик нөөцийг илүү үр ашигтай ашиглах боломжтой болно.
Байгаль хамгаалал, биологи, хөдөө аж ахуй, анагаах ухааны чиглэлийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын нэр хүнд өсөж, тэдний нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж, нийгмийн асуудлыг шийдэх, судалгаа шинжилгээний ажлыг шаардлага хангах хэмжээнд хийж гүйцэтгэхэд хангалттай санхүүжилтийн эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалтаар бий болгож, баялгийнхаа жинхэнэ эзэн болж, зах зээлийн харилцааны бодит байдал, үнэлэмжтэй уялдсан хэмжээний орлого олох боломж бүрдэнэ
Био аюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол” батлагдсанаар дараах эерэг үр дүнд хүрэх юм. Үүнд:
Орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан хувиргасан амьд организмаас үүсч болзошгүй эрсдлээс биологийн олон янз байдал, хүний эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн улс орны дотоодын асуудал биш олон улсын хэмжээнд хамгаалагдах эрх зүйн орчин нээлттэй болно.
Монгол Улс дотоодын хууль дүрэм, журамдаа хувиргасан амьд организм тэдгээрийн гарал үүсэлтэй хохирол, хариуцлага, нөхөн төлбөрийн асуудлыг тусгаж хяналтыг чангатгах нөхцөл бүрдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ