МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ТАНАА

img

Шаардлага  хүргүүлэх тухай

Монгол Улсын жирийн иргэд бид Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрх ашгаа хэрэгжүүлж, өөрсдийн саналаар Улсын Их Хуралд танай намыг олонхиор сонгож, Гүйцэтгэх Засаглалын Тэргүүнээр эрхэм Ерөнхий Сайд та ажиллаж байгаа билээ. Таны удирдаж буй Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажлын байрыг нэмэгдүүлэх”, “Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах”, “Ядуурлыг бууруулах”, “Бизнесийн орчныг сайжруулах”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Улс орныг аж үйлдвэржүүлэх” “Хүний хөгжлийг дэмжих” зэрэг ард түмнийхээ, сэтгэлийг сэргээж итгэл төрүүлсэн сайхан амлалтуудад тань нийцүүлэн, Орхон аймгийн иргэд бид төрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, засгийн гарыг харж зүгээр суулгүйгээр өөрсдөө гар бие оролцон амьдралаа дэээшлүүлье хэмээн нэгдэж 2010 оны 6 сард “Зэс Эрдэнийн Хувь” ХХК байгуулсан. Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн олон жил ашиглагдахгүй байгаа бага агуулагатай зэсийн исэлдсэн хүдрийн овоолгыг түшиглэн, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-тай “хамтарсан” катодын зэсийн үйлдвэрийг байгуулахаар 1 жил 6 сарын турш тасралтгүй хөөцөлдсөн боловч, төрийн хамгаалалт, хуулийг өмнөө барьсан хүнд сурталтан, амин хувийн ашиг хонжоо хайгч, төрийн нэрээр завшигч албан тушаалтнуудын увайгүй заль мэхэнд хууртаж,  зорилго үйл ажиллагаа маань тэдний хөлд хөсөр гишгэгдсээр өдийг хүрлээ! Биднийг ингэж туйлдан дээрэлхүүлж явахад 2011 оны 6 сард буюу манай компани ТӨХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Үйлдвэр байгуулах саналаа тавьж эхэлснээс хойш бүхэл бүтэн нэг жилийн дараа “Ачит Ихт” хэмээх компани чимээгүйхэн үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд, харсаар байтал босгоод ирсэн! Энэ бол гайхамшиг, ид шид гэдэг л үйл явдал болсон. Гучин мянга гаруй хувь нийлүүлэгчтэй манай компани 18 сар ТӨХ, Эрдэнэт үйлдвэрийн босгыг элээж эзгүй хаалга мөргөж байхад гадаадын нэг, Монголын нэг хоёрхон гишүүнтэй учир битүүлэг “Ачит Ихт” ХХК “зургаахан” сарын дотор бидний зорьсонтой ижил үйлдвэр барьчихлаа! Үүнийг гайхамшиг, эд шид гэхгүй л юм бол өөр юу гэх вэ? “Ачит Ихт” ХХК нь ТӨХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаанаас нь гарсан хүүхэд учраас ид шидийн юм шиг ажил үйлс нь бүтэж байдаг, манай “Зэс эрдэнийн хувь” ХХК нь хаанаас нь гарсан хүүхэд учраас ийнхүү “шоовдорлогдож” байгаа юм бэ? Ерөнхий Сайд аа? Манай аймаг 90 мянган хүн амтайгаас хөдөлмөрийн насны 60 мянга орчим иргэний тал нь эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд үүний улмаас хүн амын 30% амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой ядуу амьдарч буйг эрхэм Ерөнхий сайд та мэддэг баймаар! Өнгөрсөн хугацаанд 33 мянган иргэн 140 гаруй сая төгрөгийн хувь хөрөнгийг нийлүүлэн, Орхон аймгийн иргэдийн нэгдэл “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувь нийлүүлэгчдийн хурлаасаа Компанийн дүрмээ батлан, 27 гишүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөл, 3 гишүүнтэй Хяналтын Зөвлөлийг сонгож, улмаар Гүйцэтгэх захирлыг томилон компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулснаар Эрдэнэт үйлдвэрийн технологийн бус хаягдал исэлдсэн хүдрийн 8а, 12 дугаар овоолгуудаас зэс ялгах үйлдвэрийн “Техник Эдийн Засгийн Тойм Үнэлгээ”-г боловсруулан, Эрдэнэт үйлдвэр, түүний Зөвлөл, Зөвлөлийн ОХУ-ын хэсэг, МУ-ын хэсэг болох ТӨХ-нд тус тус танилцуулсан. Манай компани бага агуулгатай исэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр байгууласнаар эхний ээлжинд 135 хүн өндөр цалинтай, байнгын ажлын байртай болохын зэрэгцээ улс, орон нутгийн төсөвт жил бүр доод тал нь 15 тэрбум орчим төгрөг оруулах, цаашлаад олон жижиг дунд үйлдвэрүүдийг түүхий эдээр хангаж, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх, олон арван ажлын байр бий болгох бодит боломж бүрдүүлэх юм. Таны үргэлж “тунхагладаг” “Иргэд нь санаачилдаг, Төр нь дэмждэг байя” гэсэн үнэ цэнэтэй үг тань  ТӨХ, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн увиагүй удирдлагуудаас болоод хоосон уриа, иргэдээ хуурдаг мэх болоод байна. Манай компани байгуулагдсан үеэсээ эхлэн  бүтэн 18 сар ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал хоёртой уулзах гэж өдөр өнжилгүй хөөцөлдлөө. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг гэгч эрхэмтэй нэг ч удаа уулзаж чадсангүй! Нэг удаа өрөөндөө байна гэдгийг нь баттай эх сурвалжаас мэдээд очтол “арын нууц хаалга” буюу зочид буудлаараа дамжиж зугтаад алга болсон! Энэ эрхэм хуурай газарт эх сайхан дэлхий дээр маань ч амьдардаггүй бололтой, ажилтнууд нь хаана явааг нь мэдэдэггүй, хааяахан морь уяж уралдуулах, энд тэнд очиж шагнал авах, гадаадад аялах үедээ л газарт буудаг юм шиг байна. Эрхэм ноён Ч.Ганзоригийг ЦЕГ-ын эрэн сурвалжлах албаар хайлгавал  олж уулзах ганц магадтай арга юм шиг байна. ТӨХ-ны дарга Д.Сугар гэгч эрхэмтэй 3 удаа “бичилхэн хугацаанд” уулзсан, манай саналыг судлан шийдвэрлэх “Ажлын хэсэг” гэгчийг томилосон боловч аврах биш алах л “Ажлын хэсэг”-ийг байгуулж манай компанийг хуураад өнгөрсөн. Дараагийн удаа манай компанийн удирдлагыг төрийн төмөр нудрага үзүүлэн өрөөнөөсөө хамгаалалтын албаны цэргүүдээр чирүүлэн гудамжинд гаргаж хаяад “энэ овоолгууд чинь сонирхолын зөрчилтэй” учраас шийдэж болохгүй байна хэмээн улайм цайм хэлсэн дээ. ТӨХ-н дээр “Ачит Ихт” ХХК-ийн талаар мэддэг хүн Сугар дарга, мэргэжилтэн Мөнхтуяа хоёроос өөр хэн ч байдаггүй. Сугар эрхэм бидэнд олддогггүй, Мөнхтуяа нь болохоор “Ачит Ихт” ХХК-ийн талаарх мэдээллийг ард түмэн мэдэх шаардлагагүй “нууц” гэж даналздаг. Дээрх хоёр эрхэм өмнөө ямар ч мэдээлэлгүй доод шатны албатууд, эсвэл Оросуудын нэрийг өмнөө барьчихаад бидэнтэй уулзахгүй, элдвээр хууран мэхлэж бүтэн нэг жил хагас зугтаж бултсан хирнээ “Ачит Ихт” ХХК-тай гэрээ байгуулж, үйлдвэрийн гүйцэтгэлийн ажил талаас илүү хувьтай явагдаж байна! Таны томилсон түшмэд Монголын ард түмнийг ингэж гадаадынхантай нийлж басамжлан доромжилж, ард түмний баялагийг хулгайлж, төрийн өмчөөр гараа угааж болохгүй санагдаж байна. Монголын ард түмнээс сонгогдсон Эрхэм Ерөнхий Сайдаа! Энэ хоёр эрхэмийг олж уулзах сүүлчийн боломж нь  Таны шууд чиглэсэн шийдвэр байх болов уу. Учир нь Та итгэж, найдаж эдгээр ховор хүмүүсийг өндөр хариуцлагатай албан тушаалд тохоон томилсон бус уу? Иймд Гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ хувьд ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт Үйлдвэрийн Ерөнхий Захирал Ч.Ганзориг нарыг олж, манай компанийн төлөөллийг байлцуулан, биечлэн асуулга тавьж, тулгарсан бэрхшээл хүндрэлийг арилган, шалтгааныг тодруулах, “Үйлдвэр байгуулах” асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, иргэд, сонгогчдынхоо өмнө хүлээсэн “амлат, үүргээ” биелүүлж ажиллана уу хэмээн Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд Танаас “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн гучин мянга гаруй хувь нийлүүлэгч хичээнгүйлэн хүсэж байна. Жирийн Монгол хүнд хийж бүтээх боломж, чин хүсэл байдаг, түүнийгээ ажил хэрэг болгож чаддагийн олон жишээ Таван толгой, Ухаа худаг төслүүд дээр илэрсэн бөгөөд эрхэм Ерөнхий сайд Танд тэр сайхан санал, санаачлагыг дэмжих чин сэтгэл байгаа гэдэгт бид найдаж байна. Харин Сугар Ганзориг нарт юу л бол! Энэ байдал нь энэ хоёр эрхэмийн үйл, эс үйлдлээр илэрч өөрчлөгдөхгүй нь тодорхой байна. Мөн түүнчлэн энэ хоёр эрхэм биднийг 18 сар элдэв аргаар хууран мэхлэж хойноосоо хувийн өмчөө ашиглуулах гэж байгаа мэт гуйлган, гүйлгэж, Хууль тогтоомжоор хүлээсэн эрх, үүргээ биелүүлэхгүй хирнээ “Ачит Ихт” ХХК-тай тун эвлэгхэн гэрээлээд авсан нь авлига авсан гэх сэтгэгдлийг төрүүлж байна. “Ачит Ихт” ХХК-ийн асуудлыг тодруулж эхлэхээр Төрийн Өмчийн Хорооны Сугар гуай танай Санхүүгийн чадавхи, эрх зүйн чадамжийг нарийн шалгана гэж албан бичиг ирүүлсэн нь нэг төрлийн дарамт шахалт, нөгөө талаас булхгайгаа нуух, овоолгуудыг өөр бусадад өгөх зорилготой “уран мэх” гэж ойлгогдож байна. Манай Компани нь нээлттэйгээр Санхүүгийн тайлангаа нийтэд болон хувь нийлүүлэгчиддээ мэдээлдэг, Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүхий л Хууль тогтоомжийг дээдлэн үйл ажиллгаа явуулдаг Хуулийн этгээд болохоо энэ дашрамд Танд дуулгая. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа төрийн мэдлийн МҮОНТелевизэд хандаад 2 сар орчим хугацаа өнгөрч байгаа боловч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар үндэслэлгүйгээр хүндрэл учруулж эхэлсэн бөгөөд учрыг тодруулвал энэ эрхэм хүн бас л таны Засгийн газрын томилгоотой, эрхэм Сугартай нэг нутаг ус, найз нөхөд юм байх. Үүний зэрэгцээ ажлын байрандаа архидаж найрлаж, бид түүнд нь саад болж уур хилэнг нь их хүргээд, бидний хүсэлтийг хүлээн авахгүй байх шиг байна. Ингээд хөөрхий бидний хэдэн хүн хаана л очино Таны засгийн газрын дэндүү ёс зүйгүй түшмэдүүдтэй тулах юм аа! Манай компанийн хувь нийлүүлэгчид Таныг дээрх увиагүй төрийн албан хаагчидтай нэгдмэл сонирхолтой гэж бодохгүй байна! Эрхэм Ерөнхий Сайд аа! Бид Таны эрүүл ухаан, шударга үйлдэл, өндөр дээд албан тушаал, өргөн их эрх мэдэл, ард түмний төлөөх хариуцлагад найдан Таньд манай асуудлыг хуулийн дагуу зөв шийдэж өгөхийг хүсэн эцсийн удаа хандаж байна. Манай компанийн хувь нийлүүлэгчдийн төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх гэсэн санал санаачлагыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэж өгөхгүй аваас манай компанийн хувь нийлүүлэгчид хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэл, олон улсын байгууллага, хууль хяналтын байгууллагад хандах, улс төрийн аргаар эрх ашгаа хамгаалах, шудрага ёс хуулийг сахиулахаар тэмцлийн дараа дараагийн шатанд шилжинэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү тэмцлээс үүдэн Монголын улсын жирийн иргэд бидний язгуурын болон хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө, амь нас, эд хөрөнгөнд хор хөнөөл, хохирол учирвал хариуцлагыг Таны толгойлж байгаа Засгийн газар хүлээнэ гэдгийг анхааралдаа авч ажиллана хэмээн найдаж байна. Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд таныг “Засгийн газар удирдуулж байгаа хүмүүсийнхээ зөвшөөрлөөр л эрх мэдлийг эдлэх ёстой” гэдэг зарчмыг хэрэгжүүлэх чадвартай хэмээн найдаж байна. Бид албан ёсны хариуг Монгол улсын Ерөнхий сайд Танаас 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагт авахыг шаардаж байгааг Болгооно уу.

Таныг хүндэтгэсэн:

“ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХХК-ИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИД,  ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН

НЭГДСЭН ХОРОО, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТҮР ХОРОО ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ