
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа 2012 оны Футзалын Цомын аварга шалгаруулах тэмцээн Монголын улсын гавъяат жүжигчин Жаргалсайханы дуулсан “Тамирчны алдар” дууны аялгуу дор тамирчид маань бие халаалтаа хийж тэмцээний 6 дахь өдөр буюу шинэ 7 хоногийнхоо гарааг эхэллээ. Тэмцээний 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн мэдээллийг хүргэе.
U-13 насны ангилалд ХУД-ийн шигшээ баг Арвис клубийн багтай, Соёмбын барсууд клубийн баг Чингэлтэй дүүргийн багтай тоглосноос, Арвис клубийн баг ХУД-ийн шигшээ багийг 9:2-оор илт давуугаар, ЧД-ийн шигшээ баг Соёмбын барсуудыг 2:1 харьцаатайгаар хожлоо. Ингэснээр Дэрэн наран компанийн хамтран ажиллаж байгаа 13 хүртэл насны С хэсгийн тоглолтууд улам сонирхолтой хэсэгрүүгээ ойртсоор байна.

U-15 насны ангилалд ЮБ Юнайтед клубийн баг, Хаан хүнс Титэм клубийн багтай, Шинэ Яармаг клубийн баг ХУД-ийн шигшээ багтай тоглосноос Хаан хүнс Титэм баг, ЮБ Юнайтед багийг ширүүн тэмцэлдээний дараагаар 7:6 харьцаатайгаар ганц тооны зөрүүгээр буулган авлаа. Багийн хожлын шийдвэрлэх гоолийг Хаан Хүнс титэм багийн 4 номерын тамирчин Цолмонбаатар төгсгөлийн цаг дуусах мөчид хийснээр тус тоглолтын гол баатраар тодорлоо. Харин ХУД-ийн шигшээ баг Шинэ Яармаг клубийн багийг 16:8 харьцаатайгаар илт давамгайлан ялалт байгууллаа.
U-17 насанд Хасын Хүлэгүүд клубийн баг ЧД-ийн шигшээ багтай, Хаан хүнс Титэм баг Улаанбаатарын Мазаалайнуудтай тоглож Хасын Хүлэгүүд баг, ЧД-ийн багийг 12:2 харьцаатайгаар нам дарсан бол Хаан хүнс Титэм баг, Улаанбаатарын Мазаалайнууд 4:4 харьцаатайгаар тэнцэж тоглолт өндөрлөлөө. Хэсгийн сүүлийн тоглолтуудаас шалтгаалан дараагийн шатанд ямар баг тодрох нь шийдвэрлэгдэх боллоо.
Насанд хүрэгчид: Мэргэжлийн клубүүдийн Насанд хүрэгчдийн ангилалд Хасын Хүлэгүүд клубийн баг Хоромхон клубтэй таарч 8:4 харьцаатайгаар Хасын Хүлэгүүд баг ялалт байгууллаа. Энэ тоглолтонд Хасын Хүлэгүүд багийн 33 номерын тоглогч Мөнгөнтулга 3 гоол, 16 номерын тамирчин Ганзориг 2 гоол, 23 номерын тамирчин Эрдэнэболор 2 гоол, 8 номерын тамирчин Мөнх-Од 1 гоол хийж ялалт байгууллаа. Хоромхон багийн 18 номерийн тамирчин Батболд 4 гоолийн 3 хийж гавъяа байгуулсан ч баг нь хожигдол амслаа. Түүнд 12 номерын тамирчин Тулга нэг гоол хийснээр нэмэрлэсэн байна.
Ийнхүү мэргэжлийн клубуудээс Улаанбаатар Дээд Сургуулийн баг 6 оноотой тэргүүлж байгаа бол FC Ulaanbaatar, Эрчим, Хасын Хүлэгүүд баг 3 оноотой удаалж байна. Харин Сэлэнгэпресс, Хоромхон клубууд анхны оноогоо авсан үзүүлэлттэй яваа бол Орхон аймгийн Хангарьд, Улаанбаатарын мазаалайнууд клубууд хожигдол амссан үзүүлэлттэй байна.
Футзалын тоглолтууд МХБХ-ны Футзалын ордонд үргэлжилсээр.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ