Ажлын хэсгийн анхны хуралдаан Варшав хотноо боллоо

img

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийн анхны хуралдаан Варшав хотноо боллоо. Хуралдааныг Польшийн Гадаад хэргийн яамны  Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ежи Помиановски нээж үг хэлэв. Дараа нь Элчин сайд С.Бадрал Монгол Улс АОХН-ийн даргын хувьд  явуулж байгаа үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлээ урагшлуулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр Монгол Улс ардчиллын боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгосныг онцлон, өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ардчиллын боловсролын асуудлаарх төр, засгийн тэргүүн нарын санаачлагын бүлэг байгуулагдсаныг мэдээлж, манай улсын Ерөнхийлөгчийн эл санаачлагад нэгдсэн улс орнуудад Ажлын хэсгийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Дээрх санаачлагад одоогоор Финлянд, Нигериа, Румыний Ерөнхийлөгч нар, Люксембургийн Ерөнхий сайд нэгдэн ороод байгаа юм. Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд энэ онд ардчиллын боловсролын асуудлаар ЮНЕСКО-той хамтран Улаанбаатар хотноо олон улсын семинар зохион байгуулах, мөн энэ сэдвээр Энэтхэг Улсын Засгийн газартай хамтран  Азийн бүсийн бага хурал хийхээр төлөвлөөд байгааг мэдээлэхийн зэрэгцээ ардчиллын боловсролоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол гаргуулах талаар зорьж байгааг  тэмдэглэн, үүнд улс орнуудын дэмжлэг нэн шаардлагатайг онцлов. Үг хэлсэн төлөөлөгчид ардчиллын боловсролыг хөгжүүлэхийн ач холбогдлыг цохон, Араб, Хойд Африкийн зарим оронд ардчилсан хувьсгал өрнөж байгаа түүхэн цаг үед уг асуудлаар Ажлын хэсэг байгуулж байгаад талархаж, дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Хуралдаанд Ажлын хэсгийг хамтран даргалагч Монгол, Польшоос гадна АНУ, Индонези, Финлянд, Мексик, Нигериа, Румын, Тайланд, Энэтхэг, Япон, иргэний нийгмийн байгууллага, Европын зөвлөлийн төлөөлөгч зэрэг  30 шахам хүн оролцов. Мөн АОХН-ийн Нарийн бичгийн дарга нарын газар байлцав. Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулах боломжтойг манай төлөөлөгч мэдэгдлээ. Хуралдаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Дамбийням оролцож, хэлэлцсэн зарим асуудлаар санал бодлоо илэрхийлэв. Мөн өдөр С.Бадрал Варшавт төвтэй АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаатай танилцан, Гүйцэтгэх захирал Б.Мыштал тэргүүтэй нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчдийн манай улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын тов, хөтөлбөрийн талаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ