
Цэвэгмид эмчийн зөвлөгөө. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм.
Тэрээр охид бүсгүйчүүд ээж аавуудад зориулан зөвлөгөө өгөхөөр болоод байгаа билээ.Энэ удаа жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөж байна. Дараа нь төрөлт, төрхийн дараа, хүүхэд гээд зөвлөгөө өгөх учраас уншигчид та бүхэнд Цэвэгмид эмчээс асуух асуулт байвал танай сайтын сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээнэ үү.
Хүн гэрэлт хорвоод мэндлэх тэр өдрийг хүртэл бүхэл бүтэн 9 сар эхийн хэвлийд амьдардаг учраас тэнд юу болдог нь их сонирхолтой байгаа биз дээ.
Умай дахь ургийн хөгжлийг жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацааг үр
хөврөлийн үе, жирэмсний 9 долоо хоногтойгоос төрөх хүртэлх хугацааг
ургийн хөгжлийн үе гэж ялгана. Үр хөврөлийн үед бүхий л үндсэн эрхтэн системүүд үүсч бий болно, харин ургийн хөгжлийн үед эрхтэн системүүдийн өсөлт, хөгжил үргэлжилнэ.
4 долоо хоногтойд – зүрх болон цусны эргэлтийн систем үүснэ.
7 долоо хоног – ураг зулбах хамгийн эрсдэлтэй үе.
8 долоо хоног – хүний төрх бүхий болно: их бие, толгой, мөчдийн дүрс,
нүд, хамар, уруул, гадна бэлэг эрхтэн үүснэ.
9-10 долоо хоног – ураг амаа ангайж, хаадаг болно.
11 долоо хоног – ураг гар, хөлөө хөдөлгөж эхлэх боловч эхэд
мэдрэгдэхгүй.
12 долоо хоног – биеийн араг яс, ургийн дотор эрхтнүүд үүсч,
хөгжиж эхэлнэ.
16 долоо хоног – эхэсийн бүрэн хөгжлийн үе бөгөөд ургийг эхийн цуснаас хэрэгцээт амьдралын чухал бодисуудаар хангаж эхэлнэ. Энэ үед ЭХО шинжилгээгээр ургийн гар, хөл, сарвуу сайн харагдах ба ургийн хүйс тодорхойлогдоно. Ураг өөрөө орчны усандаа тааламжтай байдаг ба ураг орчмын ус 6 цаг тутамд түүнийг ялгадаснаас нь цэвэрлэж байдаг. Ураг үе үе гараа хөхөх ба ирээдүйд ээжийнхээ хөхийг хөхөх бэлтгэлээ хийдэг байна.
18-20 долоо хоногтойд эх анх удаа ургийн хөдөлгөөнийг мэдрэнэ. Ингээд жирэмсний эхний хагасын хугацаа өнгөрнө.
Жирэмсний хоёрдугаар хагаст ургийн жин эрс нэмэгдэнэ.
20-24 долоо хоногийн хугацаанд ургийн урт 10 см, жин 500 гр орчимоор нэмэгдэнэ.
28 долоо хоногтойд ургийн урт 35 см, жин 1000 гр болно. Ургийн арьс ус нэвтрэхээргүй өвөрмөц бүрхэвчтэй, эрхтнүүд хангалттай хөгжсөн байх ба энэ үед хугацаанаасаа өмнө төрвөл зулбалт гэж үзэхгүй. Ургийн онцгой өсөлт жирэмсний 32 долоо хоногтойгоос хойш явагдана.
40 долоо хоногтойд ураг төрөхөд бэлэн болсон байх ба уушгины хөгжил амьсгалахад бэлэн болсон байна. Ургийн урт 50-52 см, жин 3000-3500 гр байх ба 4000 гр – аас дээш жинтэй бол том, 4500 гр – аас дээш жинтэй бол маш том гэнэ.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ