
Сонирхогчдын сагсан бөмбөгийн TLG-13 ТББ-аас 6 дахь жилдээ супер лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ жилийн супер лигийн тэмцээнд оролцогчдын тоог цөөрүүлж тоглолтыг чанаржуулах тал дээр зохион байгуулагчид маш их анхаарч ажиллаж байгаагаа дуулгалаа. Тэгвэл супер лигт өрсөлдөх зарим багуудад чамгүй шилжилж хөдөлгөөн хийгдсэн байна. Сагсан бөмбөгийн дээд лигт тоглодог байсан 2010 оны шилдэг тоглогч н.Мөнхболд, н.Ууганбаяр, н.Эрхбаяр нарыг “Танан импекс” багт албаны ёсны гэрээгээр авчээ. Мөн дээд лигийн талбайд Баянзүрх буллст хүчин зүтгэдэг байсан н.Билгүүнийг ОТИС-ийн баг албан ёсны гэрээгээр авсан байна. Харин сагсан бөмбөгийн Д буюу хөгжлийн лигт энэ удаад шинээр өрсөлдсөн “Лог стар” багийнхан АНУ-аас хоёр лигионер тоглогч авчрах ажээ. Энэ удаагийн тэмцээнд эмэгтэйчүүдээс Дорноговь, эрэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн тамирчид анх удаа ур чадвараа сорино. Мөн баг тамирчид лигийн тус бүр хоёр тоглолтыг Дорноговь болон Дархан-Уул аймагт очиж тоглохоор төлөвлөжээ. Спрайт супер лигийн 2012 оны АШТ-д эрэгтэй 15, эмэгтэй 6 багийн тамирчид өрсөлдөнө. Өнгөрсөн жил эрэгтэй 24, эмэгтэй 4 багийнхан сагсан бөмбөгийн талбайд хурд хүчээ сорьж байлаа. Супер лигийн тоглолтууд долоо хоногийн бямба, ням гарагт Буянт-Ухаа спортын ордонд явагдана. Лигийн аварга баг аваргын цом, 10 сая төгрөгний эзэд болох бол шилдэг тоглогчыг АНУ- руу аялах эрхийн бичгээр шагнахнээ. Энэ удаагийн супер лигт Хөвсгөл нэг үе багаас лигийн ахмад тамирчид болох Ж.Майбаяр, н.Наранбаатар нар тоглох аж. Тэгвэл спрайт Д буюу хөгжлийн лиг саяхан өндөрлөж “Танан импекс” баг аваргаар тодорч Европод болох Монголчуудын дунд зохиогддог лигт оролцох эрхийг гардан аваад байгаа. Харин хөгжлийн лигийн удаах байрт Цагдаагийн академи, Эрдэнэдриллинг багууд шалгарсан юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ