Улаан өнгөт металлд баярламаар..

img

Арваннэгэн оны сүүлийн хагаст зэсийн ханштай холбоотой бараан  мэдээлэл голчилж байсан бол 2012 оны нэгдүгээр сарыг  өсөлтийн мэдээ өнгөлж байна. Төсвийн орлогоо нүүрс, зэсээр голчлон зурдаг манай тухайд энэ нь сайн мэдээ. Лондоны металлын бирж дээр тонн зэсийн ханш 8,484.50-8,485.50 доллараар хэмжигдэж байна. Хэдийгээр Америк, Европын орнуудын  эдийн засаг дахь сүүдэр хэвээрээ ч, уур амьсгалыг зөөллөсөн таатай мэдээнүүд үе үе дуулдаж байгаа нь, мөн Хятадын захаас ирж байгаа эерэг мэдээллүүд нь түүхий эдүүдийн ханшид ээлээ өгч байна.   Арван оны арваннэгдүгээр сард 8800 ам.доллараас давсан ханштай байсан зэс өнгөрөгч оны арваннэгдүгээр сард 7000 ам.доллар гарч байсан. Гэхдээ энэ нь өсөлт байсан. Бүр оны дундуур зургаан мянга руу уруудаж ирсэн билээ. Тэгэхээр энэ он гарсанаас хойшхи нөхцөл байдлыг харахад зэсийн ханш боломжийн яваад байна. Манай өмнөх хөршийн ДНБ-ийн мэдээ эдийн засагчид, ажиглагчдын прогнозоос давж гарсан нь, зах зээлд оролцогчдын итгэлийг лавшруулж байна. Тиймээс ч зэсийн ханш өсөлтийг үзүүлж сүүлийн дөрвөн сарын туршид хүрээгүй өндөр үзүүлэлтэд өнгөрсөн долоо хоногт хүрсэн юм.  Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр зэсийн ханш 1.6 хувиар унаж,  8,225 ам.доллар дээр хаагдсан ч, шинэ сар гарсаар эргэн өссөн юм.   Харин одоо дотоодын нөхцөл байдалтай холбон харъя. Зэс төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлдэг түүхий эд. Тиймээс 2012 оны төсөвт “гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого” гэдэгт дахин зэс, нүүрснээс орох орлогыг тооцож оруулсан. Харин тонн зэсийн тэнцвэржүүлсэн үнийг  6663.5 ам.доллараар тооцсон юм. Тодорхой хэлбэл дэлхийн зах зээл дээр тонн зэс 6663.5 ам.доллараас  илүү гарч борлогдоод байвал зөрүү нь Тогтворжуулалтын санд орохоор зохицуулалтыг хийсэн. Тэгэхээр он гарсаар зэсийн ханш 8000 ам.долларыг хол давж есөн мянга руу дөхөөд байна гэдэг нь төсөвт үүргээ гүйцэтгэхийн сацуу 322.4 тэрбумыг төвлөрүүлэхээр тооцсон Тогтворжуулалтын санд орлого оруулах боломж нь улам бүрдэж байна гэсэн үг.   Гэхдээ зэсийн экспортын хэмжээ буурсаар байгаа юм. 2010 онд гадаад худалдааны үзүүлэлтийг харахад нийт экспортын 30.2 хувийг чулуу нүүрс, 26.7 хувийг зэсийн баяжмал эзэлж байсан. Тэгвэл 2011 онд манай улс 4780.4 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ.  Харин нийт экспортын 46.8 хувийг чулуу нүүрс, 20.1 хувийг  зэсийн баяжмал эзэлж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Тэгэхээр хоёр жилийн дараалсан үзүүлэлтийг харахад нүүрсний экспорт нэмэгдсэний сацуу зэсийн экспорт 6.6 хувиар буурсан байна. Хэрэв Оюутолгойн үйлдвэрлэл явагдаж эхэлбэл энэ хувь хэмжээ өсөх нь мэдээж. Гэхдээ тэндээс Монгол Улсын төсөвт орох орлогын хэмжээг одоо хэлэхэд бэрх. Ямартай ч манай улсын зэсийн экспорт буураад байхад дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөөд байна. Э.Болор        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ