-Засгийн газар байгуулагдаж дууслаа. Н.Номтойбаяр мэтийн мөнгөний сайд гарч ирж байгааг юу гэж бодож байна. Үнэнээр нь хариулаарай?
-Би Засгийн газрын сайд нарыг томилж байхад хоёр удаа үг хэлсэн. Олон нийт МАН-ыг юу гэж хардаг, харагддаг ойлгодог вэ гэхээр төрийн албаар дамжуулж мөнгө босгодог, намаа санхүүжүүлдэг.
Намынхаа гишүүдийн амьдрах оромж болгож хувиргасан гэдэг шүүмжлэл хавтгай байна. Төрийн нарийн бичгийн даргыг сайд болгож байна гэхээр төрийн албыг намынхаа гишүүдийг орогнуулдаг, мөнгө олдог дамжлага бааз болгосон байна. Намын дарга, УИХ-ын гишүүн ч тэр төсвийн мөнгө, намын мөнгө ялгахаа больсон. Сонгуулийг төрийн мөнгө, төрийн албаар дамжуулан хийдэг нам гэж харагдаад байна.
Засгийн газрыг мөнгө олдог, мөнгө босгодог, мөнгөтэй хүнд бэлэглэдэг, хариуд нь мөнгө авдаг нь харагдаж байна. Ингэж хэлэхээс өөр арга алга.
-Энэ сонгуульд мөнгөтэй залуучууд орж ирэхээр байгаа. Улстөрд энийг сүйрэл гэж хэлдэг. Үүнтэй санал нэг байна уу?
-Сонгуулийг мөнгөнийх болгоод 10-аад жил явлаа. Энэ нь гэм биш зан болж хувирлаа. Хэн нэгэн дарга, эрх мэдэлтэнд мөнгө төлөөгүй бол карьер нь ахихгүй, шийдвэр гаргах түвшинд очихгүй болчихоод байна. УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хуулиар мөнгөний хүчин зүйлийг алга болгох гэж оролдлоо.
Тэгэхээр төрийн албаар дамжиж мөнгө олдог замыг нээлээ. Сонгогчид хуулиар хийхээр тойроод гарчихаж байна. Улстөрийн эрх мэдлээрээ дамжаад мөнгийг илүү том болгож харагдуулаад байгаа үед сонгогчид болдогүй юм шүү гэдгийг харуулах үлдэж байна. Иргэд мөнгөөр дамжуулж улстөр хийж байгаа хүмүүсийг сонгохоо байчихвал дараа дараагийн сонгуулиар мөнгө ямар ч үр дүнгүй юм байна гэсэн ойлголтыг бий болгоно.
Сонирхлын зөрлийн хууль үйлчлээд 2 жил болохоор мөнгөтэй хүн улстөрөөс гаръя гэж хашгирдаг болно. Тодорхой хэмжээнд тайлбарладаг байж чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг болно. Тэгэхээр Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх нь чухал байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ