Футзалын шинэ улирал албан ёсоор эхэллээ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо шинэхэн ашиглалтанд орсон “Футзалын ордон”-доо 2012 оны өвлийн улирлын бүх арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөөд эхний тэмцээнүүд ид явагдаж байна.
Футзалын хүрээнд хөлбөмбөгийн өсвөрийн, идэрчүүдийн, залуучуудын, насанд хүрэгчдийн, ахмадын болон охид эмэгтэйчүүдийн бүх насны ангилалд цомын тэмцээнүүд явагдахаас гадна, бага насны бяцхан хөлбөмбөгчдөд зориулсан фестиваль зохион байгуулах юм. Түүнчлэн Футзалын дасгалжуулагч, шүүгчдийн дотоод гадаадын сургалт, семинар, ТВ сургалтууд явагдах ажээ.
2012 онд Футзалын чиглэлээр зохион байгуулах энэ бүх цогц арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.
Мөн нас болгоны ангилалд хамтран ажиллах байгууллагууд нэгдээд байна. Үүнд U-13 хүртэл насны хөвгүүдийн тэмцээнд Дэрэн наран ХХК хамтран ажиллаж байгаа бол охид, эмэгтэйчүүдийн тэмцээнд Тэнгэр Даатгал ХХК хамтран ажиллахаар боллоо. Нийгмийн хариуцалагаа хэрэгжүүлэгч компаниуддаа нийт өсвөрийн охид, хөвгүүдийнхээ өмнөөс гүн талархал дэвшүүлье.
Энэхүү өвөл цагийн Футзалын хүрээнд явагдах нийт арга хэмжээний нэгдсэн Нээлтийн ёслолын ажиллагаа 2 дугаар сарын 04-ний өдрийн Бямба гарагийн 11.30 цагаас МХБХ-ны “Футзалын ордон”-д болно.
Нээлтийн ажиллагааны үеэр олон төрлийн сонирхолтой үйл ажиллагаа болох ажээ. Үүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Биеийн Тамир Спортын Газрын дарга Ч.Наранбаатар зэрэг хөлбөмбөгт элэгтэй удирдлагууд хэрхэн хөлбөмбөгөөр өрсөлдөхөө үзүүлэхээс гадна удахгүй болох хөлбөмбөгийн олон улсын тэмцээн, фестивальд оролцох Улсын Шигшээ багийн охид, хөвгүүдээр хэн хэн сонгогдсоныг та бүхэн мэдээрэй.
Хөлбөмбөг сонирхогч хөгжөөн дэмжигч хүүхэд, залуучууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ