Х.Тэмүүжин: Хүссэн шинэчлэлээ хийчихвэл улстөрөөс хурдан холдож, тайван амьдарна
-Монгол улсын иргэд хоёр иргэншилтэй байх талаар та ямар бодолтой байдаг вэ? Гадаадад иргэншилтэй болсон олон монгол хүн бий. Тэд эх орондоо ирэхдээ түр оршин суух бичигтэй, тодорхой заасан хугацаатайгаар амьдардаг. Зөвхөн монгол хүнээ хоёр улсын иргэн байхыг зөвшөөрсөн хууль гаргаж болох уу?
-Сайн бодох ёстой асуудал. Хоёр иргэншилтэй болгоно гэсэн хууль гарахад олон улсын түвшинд яаж хүлээж авахыг мэдэхгүй. Хоёр иргэншлийг зөвшөөрлөө гэхэд тусгаар тогтнолд нөлөөлөх үү? Өмнөд хөршийн иргэд монгол хүнтэй суучихаад Монгол Улсын иргэн болъё гээд хүрээд ирвэл яах вэ? Энэ бол бодох л асуудал. Тэрнээс биш хоёр иргэншлийг дэмжих, аль эсвэл үгүйсгэх тухай асуудал биш. Манай улс хоёр том хөрштэй хил залгаа. Гэхдээ манай эмэгтэйчүүд оросуудаас илүү өмнөд хөршийнхөнтэй их сууж байгааг судалгаа харуулдаг. Ер нь хоёр иргэншилтэй болох хууль батлагдсан тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Энэ бол АНУ, Франц, Англи, Япон, Солонгост байгаа монголчуудын асуудал биш. Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг нь улс төр, эдийн засаг, соёл нийгэм, хүний удмын асуудал ч хамаатай. Гадаадад амьдарч байгаа монгол хүний эрх ашиг хөндөгдөж байгаа юм шиг харагдах ч энэ нь Монгол улс үндэстэний эрх ашиг, оршин тогтнохтой шууд холбоотой асуудал.
-Манай “Шууд чат”-ад орж уншигчдын асуултад хариулсанд баярлалаа.Уншигчдаас асуугаасай гэсэн асуулт байна уу?
-Баярлалаа. Маш олон хүнтэй цахим ертөнцийн гудамжинд уулзлаа. Ийм боломж олгосон танай сайтын хамт олонд баярлалаа. Нэг дор олон хүнтэй уулзаж, асуултад нь хариулж, өөрийн санал бодлоо хуваалцлаа. Би нэг зүйлийг зарчим болгох гэж оролддог. Би бүх хүнд таалагдах албагүй. Өөрийн хүсч байгаа зүйлийг хийх юмсан гэж боддог. Насаараа УИХ-ын гишүүн болохыг хүсэхгүй байна.
Өнгөрсөн гурван жилд би маш их хөгширсан байна. Маш их бухимддаг болсон байна. Дахиад дөрөв, таван жил болвол хэцүү юм байна гэж бодсон. Улстөрөөс хамааралгүй амьдрахыг хүсч байгаа. Хийхийг хүссэн шинэчлэлээ хийчихвэл улстөрөөс хурдан холдоно. Тэгээд судалгаагаа хийгээд, их сургуульдаа хичээлээ заагаад, буурал академич болчихоод тайван амьдарна.
-Баярлалаа, Танд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ