- Сонирхлын зөрчлийн тухай хуулийг УИХ-аар амжилттай батлуулсанд тань баяр хүргэе. Нэг нам дангаараа УИХ-д 72 суудалтай байхдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт өнөө хир Монголын ард түмэнд гай тарьсаар байна гэж би үздэг. Энэ өөрчлөлтийг бүхэлд нь буцаах талаар санаачлага гарган ажиллах боломж байна уу?
-Юуны өмнө баярлалаа. Дордуулсан долоон өөрчлөлттэй холбоотойгоор Ж.Сүхбаатар, Д.Энхбат нарын 6-7 гишүүн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь Үндсэн хуулийг өөрчлөх том Ажлыг хэсэг байгуулсан ч, одоо бүр алга болсон. Энэ парламентийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Ядаж Засгийн газрын гишүүдийн 1/3 нь УИХ-ын гишүүн байя гэсэн санал оруулъя гэж сүүлийн хоёр жилд яригдсан.
-Энэ удаагийн парламент Үндсэн хуульд нэмэлт оруулаагүйгээс үүдэн үүсэх хүндрэл юу байна гэж та харж байгаа вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүйтэй холбоотойгоор Сонгуулийн хуульд хувь тэнцүүлсэн сонгуулийг явуулахад садаа болохгүй. Сая батлагдсан Сонгуулийн хууль шилжилт хийхтэй холбоотой хэсэг надад таалагдаагүй. Сонгуулийн хуулийг заавал гаргах шаардлага байсан.
-Шилжилттэй холбоотой асуудал дээр Цэц дээр маргаан үүснэ байх. Шилжилт гээд байгаа нь тойрог дээрээ унасан хүмүүс намын листээрээ гарч ирэхийг хэлж байгаа. Хувь тэнцүүлсэн гэж яриад байгаа нь бид нарын хэлээд байгаа пропорциональ сонгуулийг алга болгож байгаа хэрэг. Нэрийг нь л оруулсан.
-Төрийн албаны зөвлөл гэж нэг байгууллага байна. Эрх ч үгүй, үүрэггүй ч юм шиг. Шалгалт авч ном зардаг. Тэд хэзээнээс төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог болох вэ? Яагаад одоо уралдуулдаггүй юм бол? Та үүнд хяналт тавьж сохирхож үзсэн үү?
-Миний хувийн байр суурь бол Төрийн албаны зөвлөл байх шаардлагагүй гэж үздэг. Одоо хуулийн төслөө бичиж байна. Бид томилгоонд ордог байгууллага биш агентлагийн төвшинд жижиг байх ёстой гэж би үздэг. Философи нь бол жаахан зөрчилтэй. Олон жил ардчилал тогтсон нийгэмд төрийн албанд ажиллах боловсон хүчин маш үнэтэй капитал. Манайд байгаа зөвлөл бол төрийн албыг цоожилдог, түлхүүргүй систем. Уг нь бүх цонхыг нь нээж, хуучинсаг үзэлтэй хүмүүсийг нь холдуулах ёстой. Ажлын арга барилын хувьд хоцрогдсон, зөвхөн дарга нарт үйлчилдэг чиг үүргийг өөрчлөх ёстой. Энэ төрийн албыг өөрчлөх ёстой гэж би үздэг. Үүнийг Ерөнхийлөгч гурван удаа хэлсэн. АТГ-ын чиг үүргийг Төрийн албаны зөвлөлийн чиг хандлагатай холих ёстой гэдгийг хэлсэн. Манайд авлигачдыг байгаа местэн дээр нь хадгалдаг биш, цэвэрлэдэг АТГ хэрэгтэй. Гэтэл одоо энэ хоёр байгууллага зарим талаараа эрх мэдлээ булаацалдаад байгаад байна.
-Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд сонгуулиас өмнө батлагдах болов уу?
- Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн эхний багц хууль болох эрх зүйн шинэтгэлийн тухай хууль, шүүхийн шинэтгэлийн тухай хууль, шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан. Харамсалтай нь Ардын нам завсарлага авлаа. Завсарлага долоо хоногийн хугацаатай байх гэж найдаж байна. Хэрэв ирэх долоо хоногт хэлэлцэхгүй бол хугацаагүй боллоо. Тэгэхээр ирэх долоо хоногт эхний хэлэлцүүлэг хийгдэх байх гэж найдаж байна.
-Олон нийтийн өмнө тодорхой болсон авлигачдыг хэзээ шоронд нь явуулах юм бол оо?
- Хэлж мэдэхгүй байна. Авлигачдын гэм бурууг тогтоож яллах нь АТГ, Прокурор, Шүүхийн асуудал. Шүүхийн шинэтгэл хийгдэхгүй, хуулийн байгууллага нь мөнгөний нөлөөнд автсан энэ үед хэрэгт мөрдлөг явуулж буй хуулийн байгууллагыг шинэчлэхгүйгээр явахгүй. Ерөнхийлөгчийн “Хөрөнгөлөг хурандаа нар” гэж хэлсэн үг бий. Ер нь хуулийн байгууллагад дундаас дээш албан тушаалтай чинээлэг амьдарч байгаа хүмүүсийг цэвэрлэж байж шударга хуулийн байгууллага бий болно.
-Засгийн газар байгуулагдаж дууслаа. Н.Номтойбаяр мэтийн мөнгөний сайд гарч ирж байгааг юу гэж бодож байна. Үнэнээр нь хариулаарай?
-Би Засгийн газрын сайд нарыг томилж байхад хоёр удаа үг хэлсэн. Олон нийт МАН-ыг юу гэж хардаг, харагддаг ойлгодог вэ гэхээр төрийн албаар дамжуулж мөнгө босгодог, намаа санхүүжүүлдэг.
Намынхаа гишүүдийн амьдрах оромж болгож хувиргасан гэдэг шүүмжлэл хавтгай байна. Төрийн нарийн бичгийн даргыг сайд болгож байна гэхээр төрийн албыг намынхаа гишүүдийг орогнуулдаг, мөнгө олдог дамжлага бааз болгосон байна. Намын дарга, УИХ-ын гишүүн ч тэр төсвийн мөнгө, намын мөнгө ялгахаа больсон. Сонгуулийг төрийн мөнгө, төрийн албаар дамжуулан хийдэг нам гэж харагдаад байна.
Засгийн газрыг мөнгө олдог, мөнгө босгодог, мөнгөтэй хүнд бэлэглэдэг, хариуд нь мөнгө авдаг нь харагдаж байна. Ингэж хэлэхээс өөр арга алга.
-Энэ сонгуульд мөнгөтэй залуучууд орж ирэхээр байгаа. Улстөрд энийг сүйрэл гэж хэлдэг. Үүнтэй санал нэг байна уу?
-Сонгуулийг мөнгөнийх болгоод 10-аад жил явлаа. Энэ нь гэм биш зан болж хувирлаа. Хэн нэгэн дарга, эрх мэдэлтэнд мөнгө төлөөгүй бол карьер нь ахихгүй, шийдвэр гаргах түвшинд очихгүй болчихоод байна. УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хуулиар мөнгөний хүчин зүйлийг алга болгох гэж оролдлоо.
Тэгэхээр төрийн албаар дамжиж мөнгө олдог замыг нээлээ. Сонгогчид хуулиар хийхээр тойроод гарчихаж байна. Улстөрийн эрх мэдлээрээ дамжаад мөнгийг илүү том болгож харагдуулаад байгаа үед сонгогчид болдогүй юм шүү гэдгийг харуулах үлдэж байна. Иргэд мөнгөөр дамжуулж улстөр хийж байгаа хүмүүсийг сонгохоо байчихвал дараа дараагийн сонгуулиар мөнгө ямар ч үр дүнгүй юм байна гэсэн ойлголтыг бий болгоно.
Сонирхлын зөрлийн хууль үйлчлээд 2 жил болохоор мөнгөтэй хүн улстөрөөс гаръя гэж хашгирдаг болно. Тодорхой хэмжээнд тайлбарладаг байж чадахгүй бол хариуцлагаа хүлээдэг болно. Тэгэхээр Сонирхлын зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх нь чухал байна.
Бодлого нь зөв байвал хэн я байсан дэмжихэд бэлэн
- Таныг 7 сарын 1-ний асуудлыг үнэн зөвөөр нь шийдүүлэх талаар анхаарал тавьж хөөцөлдөж байгаад чинь талархаж явдаг.Гэхдээ сүүлийн үед хараад байхад нэг л биш. Та энэ асуудлыг өөрийнхөө улс төрийн, сонгуулийн шоу болгоод байх шиг. Нэг л мундаг шударга хүн шиг?
Долдугаар сарын 1-ний үйл явдлын дуулиан, асуудал одоо ч дуусаагүй байна. Дахиад УИХ-аар тогтоолын төсөл орох гэж байна. Ямар нэг шалтгаанаар хойшлогдоод хугацаа аваад байна. Маргааш юм уу, баасан гарагт орох байх. Тогтоолын төслөө яаж ийгээд батлуулна гэж бодож байгаа. Энэ төслөөр цагдаа, прокурор, өмгөөллийн гээд хуулийн байгууллагын ил тод байдлыг бий болгохыг зорьж байна.
Хүний эрхийн үндэсний комисс хяналтаа тавьж чаддаг болгох гээд маш олон асуудал яригдана. Засгийн газарт үүрэг болгоно. Хийж чадахгүй бол хариуцлага ярих боломжтой болно. Зарим нь сонгуулийн шоу гэж харуулахыг хүсээд байна. Энэ тогтоолын төслөө хэлэлцүүлэх гэж маш их бэрхшээлийг давж гарч байна. Энэ тогтоолын төслийг хэлэлцэхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн тухай ярихгүй байна.
АН болдоггүй нөхдүүдийн нуугдах нуувч болсон гэдэгтэй санал нэг байна уу, гэхдээ намын гишүүн биш, жирийн иргэний зүгээс хариулаарай?
-Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө жагсаал цуглаан хийснийхээ төлөө буруутгагдсаныхаа төлөө асуудалд орсон бол өмгөөлөхийг үгүйсгэхгүй. Харин МАН-д байгаа авлигачдын дэргэд гэмт хэрэг биш.
Манай нам ялгаварлаж хязгаарладаг нам биш. Хариуцлагагүй байлгахын төлөө бусад хүмүүсийг өмгөөлдөг нам биш. Хүний мөнгө хулгайлах, хувийн үзэл бодлоо илэрхийлэх хоёрын аль нь гэмт хэрэг вэ гэдгийг харах хэрэгтэй.
-Та Ерөнхийлөгч гээд байн байн яриад байх юм. Энэ хүнийг дагавал дараагийн сонгуульд гарна гэж найдаад байна уу?
- Ерөнхийлөгчийг хувь хүнийх нь хувьд дэмжээгүй. Хэрэгжүүлэх гэж байгаа бодлогыг нь дэмжиж байгаа. Хууль шүүхийнхийг шинэчлэх гэж байгаа нь миний хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа бодлоготой нэг байсан. Харин Өршөөлийн хууль гаргахад нь шүүмжилж байсан. Бодлого нь зөв байвал би хэнийг ч дэмжинэ.
-Ж.Батзандан, О.Магнай нартай хамт талбай дээр цуглаан хийж байхад та ХУ намын даалгавраар сөрөг хөдөлгөөн болж байсан. Одоо эсрэг дүр бүтээгээд яваад байна?
-Андуурсан байна. Би амьдралдаа гудамжинд жагсч үзээгүй. Харин саяхан Ж.Батзандан, О.Магнай нартай нийгмийг эрүүлжүүлье гэж явсан Дамдинням ШУТИС-ийн Эдийн засаг хөгжил хариуцсан захирал болчихсон явж байна лээ. Жагсаал хийгээд захирал болчихдог бол сайхан л байна.
-
Хүний эрхийн дэд хороо юу хийж байгааг хүмүүс сонирхоно байх?
-Хүний эрхийн дэд хороо гурван том ажлын ард гарахаар ажиллаж байна. Эхнийх нь долдугаар сарын 1-ний хэрэг. Нөгөө нь Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар шалгаж байна. Харин сүүлийнх нь 2003 онд Д.Энхбат агсныг хууль бусаар баривчилж авчирсан, улмаар амь насаа алдсан тухай гомдол манай дээр ирсэн. Үүнийг шалгаж байна.
-Та багшийгаа зөнөсөн гэж хэлээд шүүхэд дуудагдсан.Та ёсзүйтэй хүн мөн үү?
-Багшдаа тал засч, найздаа сайн ханддаг жудгийг Сонирхлын зөрчлийн хуулиар зохицуулдаг болно. Би С.Нарангэрэл багшийг зөнөсөн гэж хэлээгүй. Хоцрогдсон гэсэн. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу С.Нарангэрэл багшаар Эрүүгийн хуулийн төсөл боловсруулж оруулж ирсэн. Тэр боловсруулсан хуулийн төсөл нь миний сонгогчдыг шоронд оруулах хууль байсан. Би багшийгаа хувь хүнийнх нь хувьд хүндэлдэг.
- Уучлалт гуйхгүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хоцрогдсон гэж хэлснийхээ төлөө багшаас уучлалт гуйх ямар ч шаардлага байхгүй. Боловсруулж оруулж ирсэн Эрүүгийн хууль нь 2,7 сая хүн амын эрхийг хөндсөн, шоронжсон хууль байсан учраас бүр яргачин гэж хэлсэн ч болно.
-Цагдаа хүн буудсан нь тогтоогдсон гэж хэвлэлийн хурлаар та зарласан. Цагдаа хүн буудсан нь үнэхээр тогтоогдсон юм уу. Хэрэв тогтоогдохгүй бол хуулийн хариуцлага та хүлээх үү?
-Шүүх прокурорын хийх ажлыг надад тохох хэрэггүй. Манай Хүний эрхийн дэд хороо хяналт шалгалтын ажлын хэсгийн хүрээнд тэр баримтыг олж авсан.
-Хулгайч нарын дунд байх ямар байна. Тухайлбал Ц.Нямдорж харшид амьдарч буйг хуульч хүний хувьд хэрхэн тайлбарлах вэ?
-Ийм асуудлыг шийдвэрлэхийн тулд үндэслэлгүй хөрөнгөжих нь гэмт хэрэг гэдгийг хуульчилж өглөө. 7 сарын 15-ны өдрөөс энэ хууль хэрэгжинэ. Хэрэв хөрөнгө мөнгөө хэрхэн олсноо тайлбарлаж чадахгүй бол Ц.Нямдорж ч бай, Н.Энхбаяр нь ч бай, хэн ч гэсэн шалгуулдаг журмаараа шалгуулна.
Хэрэв тэр хаус, жийпээ надаас олвол өөрсдөө аваарай, бэлэглэчихье
-УИХ-ын гишүүн болсноос хойш таны хувийн амьдралд юу өөрчлөгдсөн бэ?
-Юу ч өөрчлөгдөөгүй.
-Байр өөрчлөгдсөн гэдгийг бид мэдэж байгаа. Зайсан руу нүүсэн гэсэн?
-Байр өөрчлөгдсөн. Тийшээ нүүгээгүй. Байсан байрныхаа давхарыг л солио биздээ.
-Г.Алтантүрүү хонож байхад танайх хороололд байсан байх аа?
-Яг Хөгжил хотхоны урд талд байгаа. Нэг өрөө байраа гурван өрөө болгосон.
-Зөрүү мөнгийг нь яаж босгосон бэ?
-Лизингээр. ХОМ дээрээ бичсэн байгаа.
- Танд УИХ-ын гишүүний цалингаас өөр ямар орлого байгаа вэ?
-Их сургуулийн багш, судалгааны ажлаас орлого олдог.
-Сард дунджаар хэчнээн төгрөг олдог вэ?
-Дунджаар 2 сая төгрөг.
-Гэр бүлийн орлого.
-Байхгүй.
Ер нь таныг их л хөрөнгөжөөд байна гэх мэдээлэл гараад байх юм?
-2008 онд Делика байсан. Одоо Nissan muranо бий. 17 сая орчим төгрөг байгаа байх. Хүмүүс намайг Hummer Jeep -тэй хаустай гэж байна лээ. Хэрэв тэр хаус, жип нь надаас олдвол аваарай гэсэн шүү дээ. Бэлэглэчихье.
-Та цагдаа, шүүхийнхэнтэй их шөргөөцөлддөг. Ямар нэгэн байдлаар заналхийлэл ирж байсан уу?
-Манайх нэг давхарт байсан. 2009 оны арванхоёрдугаар сард долдугаар сарын нэгний хэргийн сонсголын дараа манай гэр рүү дөрвөн удаагийн үйлдлээр чулуу нүүлгэж байсан. Үүнээс үүдэн байраа солихоос өөр аргагүй болсон.
-Өөр гадаа явж байхад чинь ч юм уу?
Арай ч ил тийм зүйл хийхгүй. Чаддаг юм нь цонх хагалах. Сайтаар хүн доромжилно. Цагдаагийн дарга нарыг хар л даа. Тэтгэвэрт гарсан хоёр хөгшинөөр л үгээ дайлгаад байна.
Танд авлига өгөх санал ирж байсан уу?
Яасан гэж ирэх вэ?
-Лобби?
-Би УИХ-ын гишүүн. Би шийдвэр гаргадаггүй. Засгийн газар түүнийг тойрсон хүмүүст л өгдөг. Д.Хаянхярваа гишүүн “энэ чинь Дарханы Засаг дарга байснаас долоон дор ажил биш. Энэ дарга сэтэр зүүж байгаа Засгийн газрын гишүүдийг тоодог юм байна гэж байсан. Бусад улс орны хэмжээнд ч ийм байдаг.
-Та авлига өгдөг хүн болоод компанийг мэдэх үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилхан мэдээлэлтэй байна. Гэхдээ одоо өгсөнийг нь шийтгэхгүй. Авсаныг нь шийтгэдэг болох Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байна.
-Иймэрхүү орчинд хэр ганцаардаж байна вэ?
-Ганцаардаад шалихгүй. Над шиг үзэлтэй залуус салбар бүрт байна. Гэхдээ энэ хуучинсаг нийгмээс залуучуудын маань дуу хоолой бүрэн гарч чадаагүй байна.
-Өөрийг тань дэмждэг, ижил өнцгөөс юмыг хардаг олны танил ямар хүн байна вэ?
-Яг энэ чиглэлээр зэрэг хамгаалсан эрдэмтэд байна. Үүнийг ном болгоод бичиж байгаа хүн байна. Залуу эрдэмтэд одоо олны танил болж чадаагүй. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр гээд дэлхийн нийтийн шинэ мэдээлэл рүү орж чадсан хүн олон байна. Настай гэлгүй үүнийг ойлгодог хүн байна.
-Баянгол дүүргээс дахиад ҮЗХ болгох гээд ярьж байна. Санаатай байна.
-Өнгөрсөн дээр нь ямар дүгнэлт хэлэх вэ?
-Баянгол дүүргээс дахиад дэвшүүлэхгүй байх юмсан гэсэн сонирхолтой хүмүүс байгаа. Түүнийгээ зохиол болгоод бичээд гаргачихдаг хүмүүс байгаа.
-Гэр бүлийнхээ талаар яриач. Энэ нууц байдаг?
-Манай гэр бүлийнхэн өөрсдийнхөө тухай ил гаргаад яриад байх дургүй байдаг. Би гурван хүүхэдтэй. Манай том одоо арваннэгдүгээр анги. Том маань сэтгэл судлаач болно гээд байгаа. Бага маань одоо хоёрдугаар анги.
-Гэр бүлийн бизнес гэж байгаа юу?
-Байхгүй. Одоо хийж байгаа бизнесээ үргэлжлүүлье гэж бодож байгаа. Би судалгааны институци ажиллуулж байгаа. Сүүлийн үед захиалга ихтэй байгаа. Хуучин манайхан гадныханд ханддаг байсан. Харин одоо үндэсний мэргэжилтнүүддээ ханддаг болсон. Үүнийгээ өргөжүүлэх юмсан гэж л бодож байна. Ийм чадвартай институци байгуулах юмсан гэж боддог. Цаашдаа бодлого бэлтгэх сургууль болгох бодолтой байгаа. Одоо бол манайд академик боловсрол олгоод байна. Эрүүл мэнд, хууль зүй гээд л олон салбарын бодлогыг судалдаг газар байгуулвал хүмүүс судалгаа тооцоотойгоор улс төрийг шүүмжилдэг болно. Одоохондоо жижигхэн байгаа. Гэхдээ 6-7 хүнийг тэжээгээд явах боломжтой. Бидэнд ирээдүй бий. Улс орны үндэсний аюулгүй байдал гэдэг бие даасан тархитай байх ёстой гэж би боддог. ШУА үүнийг хийж чадахгүй байна. Хэдэн тэтгэврийн өвгөн хуучин зүйлээ мэрээд байна. Шинжлэх ухааныг дэмжих сангаас мөнгө аваад яваад байна. Хоцрогдсон гээд хэлэхээр шүүхэд өгчихдөг юм. Одоо аягүй бол бөөнөөрөө шүүхэд өгнө биз.
Жилийн дараа АТГ-ын дарга нартай хариуцлага ярина
- Танд баримтаа өгсөн цагдаагийн аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа юу. Хэний тэмдэглэл болохыг дарга нар нь мэдэж л байгаа шүү дээ, цөөхүүлээ юм чинь?
-Хэний тэмдэглэл гэдгийг мэдээд цагдаагийн ар гэрийн холбооныхон тэр цагдаа руу утасдсан байна лээ. Чи тэмдэглэл хөтөлдөг хэн бэ, тохиръё. Мэдүүлгээ өөрчил гэж дарамталсан байсан. Чамаас болж олон хүн шоронд орох гэж байна гэж дарамталсан юм билээ. Хүний эрхийн хорооноос тодорхой хэмжээгээр хамгаалалтад авсан.
-АТГ-ын даргыг өөрчлөөд л тунчиг сүртэй байсан. Гэтэл шинэ дарга нар нь олон хүнийг халлаа. Энэ шударга ёс мөн үү?
Ажлаа хийж чадахгүйг нь халахгүй яах юм бэ. Ажиллаж чаддаг хүн байсан бол барихыг нь бариад илчлэх л байсан. Тэгсэн нь алга байна шүү дээ. Одоо ингэж өөрчлөөд хууль эрх зүйн орчныг нь сайн бүрдүүлээд, боломж олгоод ирэхээр өөр болох ёстой. Хуучин байдлаараа байгаад байвал тодорхой хугацаа буюу жилийн дараа АТГ-ын дарга нартай хариуцлага тооцно.
-Та 2012 оноос юу хүсэж байна?
-Илүү ойлголцож асуудлыг хурдан шийддэг УИХ бүрдээсэй гэж хүсэж байна. Шинэ хуучин гишүүн гэж амбицлахгүй, баймаар байна. Чуулганы танхимд ороод юм ярихаар гөлөг, гудамжных гэхчлэн янз бүрийн үгээр бөмбөгдүүлдэг байсан шүү дээ.
-Албан тушаалын хувьд юу хүсэж байна?
-Хууль шүүхийн салбарт томоохон шинэчлэлийг хийхийг хүсэж байна. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүхийн шинэчлэлийн хуулийг батлаад дараа нь хийх ёстой олон ажлыг хийх хэрэгтэй байна. Мэргэжлийн нэр хүнд, мэргэжлийн ур чадвартай байгууллага байгуулах гээд олон ажлыг хийх хэрэгтэй байна.
Үүнийг хийхийн тулд ямар албан тушаал хэрэгтэй вэ?
-Хууль зүй, дотоод хэргийн сайд байвал хийх болно.
-Та яг одоо АН-ын даргыг солих ёстой гэж үзэж байгаа юу?
-Сольчихвол сайн. Хамтарсан Засгийн газарт явсан хүн сонгууль дөхөөд ирэхээр АН-ыг аваад явна гэж харахгүй байна. Өмнө Ц.Элбэгдорж АН-ыг байлдан дагуулаад сонгуульд өрсөлдсөн. Дараагийн дарга хэн байх вэ гэхээр Х.Баттулга, З.Энхболд, Э.Бат-Үүл, Л.Гантөмөр гээд яригдаж байна.
Миний бодлоор ардчиллын алтан хараацай гэж яригддаг хүмүүс харагдах байх. Илүү шинэ бодлого гарч ирэх хэрэгтэй. Шинэ бодлогоор ажиллах хүн гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр тэр хүмүүс намын даргын төвшинд ажлаа хийх ёстой. Намайг дэмжинэ гэж найдах хэрэггүй. Хурал болохоос өмнө хүмүүсээ зохион байгуулаад намайг дэмжээрэй гээд ярьчих хэрэгтэй. Дараа нь намайг дэмжсэнгүй гэж гомдоллох хэрэггүй.
АН-ын ҮЗХ-ны хурал МАН-ын хурал шиг болсон байна. Жаахан сүржигнэж байгаад урьчилан хайрцагласан байдлаар явдаг болж. Дараагийн ҮЗХ-ны хурлаар энэ байдлыг өөрчлөөрэй. АН гэдгээ харуулаарай?
-ҮЗХ-ны хурлаар хэлэлцэх асуудлаа шийдэх гэж арваадхан хүний зөрүүгээр ялагдсан. Тэгэхээр хайрцаглагдсан гэж хэлж болохгүй. Олонхи цөөнхөөрөө ялгарсан. Хэрүүл уруул ихтэй болсон. Нэгэнт олонхи асуудал ийм байна гэж шийдсэн бол өөр яах юм. Хүмүүсийн бодсоноор удирдлагаа солих байсан гэж байгаа байх. Миний бодлоор дараагийн намын дарга, би намын дарга болно гэж бодсон хүн өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй юм байна гэж бодсон.
Энэ намыг удирдаад юу хийх гэж байгаа тухайгаа яриагүй болохоор боломж гараагүй байх. АН-ын дараагийн дарга улстөрийн хувьд, том өөрчлөлт хийх хэрэгтэй болохоос нэг компанитай хэрэлддэг байвал жул харагдаж байна гэж харж байгаа байх.
Насаараа УИХ-ын гишүүн байхыг хүсэхгүй байна
-
2012 онд УИХ-ын сонгуульд хэдийг зарах гэж байна. Өмнө нь хэдийг зарсан бэ?
-86,7 сая төгрөг зарцуулсан байх. Бэлнээр 40-өөд сая төгрөг байсан. Үлдсэнийг нь бартераар хийсэн. Зарим хүмүүс намайг дэмжиж реклам цацах, самбар байрлуулах гэхчлэн нэлээд хэдэн ажлыг хийсэн. Энэ жил их мөнгө зарахгүй. Сонгогчдод тараах материал, штабт ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулна гээд 60-70 сая төрөг зарах байх. Их мөнгө өгөөд ирэхээр намайг авлигач гэж харна. Хүн өөртөө байгаа нөөц, мөнгөний хэмжээгээрээ улстөр хийх хэрэгтэй. Өөрийнхөө нөөцөөр яваад ялж чадахгүй бол тэр л биз. УИХ-ын гишүүн болохгүй бол үхчих гээд байгаа биш. УИХ-ын гишүүн болохгүй ч гэсэн шударга үнэний төлөө үгээ хэлнэ.
-АН-ын залуучууд хоорондоо эвтэй байж чадаж байна уу, ямар бодлого хэрэгтэй байна. МАН-ын залуучууд олноор гарч ирж байна?
-Бидний Нэг ардчилал клуб байгуулсан зорилго нь улстөрд өөрчлөлт шинэ хүнээр дамжиж ордог юм байна. Улстөрд бодлогын болон зарчмын өөрчлөлт хийе гэвэл залуучуудыг ихээр оруулж ирэх хэрэгтэй юм байна. Тиймээс фракци болж байна. АН-д нэг ялгаа байна.
Энэ нь залуучуудаа дэмждэггүй. Хүчтэй юм бол мөргөөд гараад ир гэдэг. МАН мөнгөтэй л бол өргөөд гаргаад ирдэг. Ийм ялгаа байдаг. АН-д нэг ардчилал фракци болж байгаа нь сонгуулиар гуравны нэгд нь залуучууд байлгая гэж зорьж байгаа. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг дэмжих зорилгоор анх байгуулагдаж байсан манай клуб хоёр жил болоход одоо л залуучууд цугтаа байж амжилтад хүрэх юм байна гэж харж байгаа.
-Та АТГ-ын ажиллах эрхзүйг орчинг бүрдүүлсэн гэх юм. Тэр байгууллага чинь ажлаа хийхгүй юм байна шүү дээ?
-Тэрийг шийдэхийн тулд хүссэн хүсээгүй шүүхийн шинэтгэлийг хийх хэрэгтэй шүү дээ. Хуульзүйн яам, шүүх, прокурор, хуулийн боловсрол олгож буй сургуулиудын сургалт гээд цогцоор нь шийдэх асуудал.
-Таныг хог түүдэг хоёр хүнтэй найзлаад байрныхаа гаднах хогийг цэвэрлэсэн гэсэн мэдээ Шууд.мн сайтад гарсан байна лээ. Үнэн үү? Худлаа сонгуулийн шоу хийгээд байгаа юм уу?
- Сонгууль болоогүй байсан үе шүү дээ. Ноднин жил Баянгол дүүрэг хогтойгоо зуссан. Тэр зун манай байрны гадаа бөөгнөрсөн хогны хажууд хог түүдэг бололтой хүн сууж байхаар нь “Энэ хавийг цэвэрлэчихвэл 5000 төгрөг өгье” гэтэл тэр хүн “Үгүй, би амарч байна” гэдэг юм. Тэгэхээр нь бээлий,
маск зүүж байгаад хогоо цэвэрлэж байтал бас нэг нөхөр ирсэн. Тэгэхээр нь “ Энэ хавийн хогийг цэвэрлэвэл мөнгө өгье” гэтэл “Тэгье 2000 төгрөг өгчих” гэдэг юм. Тэгээд хоёулаа нийлээд хогоо цэвэрлэсэн л дээ.
-
Тэр хүн таныг танихгүй байна уу?
-Маск зүүсэн болохоор таниагүй. Гэхдээ тэр “ Та нэг хүнтэй их адилхан яриад байна” гэхээр нь “хэнтэй адилхан байна” гэтэл миний нэрийг хэлсэн. Тэгсэн би байна гэтэл худал яриад бай гэдэг юм. Тэгсэн хажуугаар нэг эмэгтэй хүүхдээ дагуулаад гарч явахдаа” Хичээлээ сайн хийхгүй бол энэ хүн шиг хог түүдэг хүн болно шүү” гэж хэлдэг юм.
-Та гишүүнийхээ тэрбумаар юу хийж байна вэ?
- Би 2008 онд юм хийж чадаагүй. Учир нь тангарагаа өргөж амжаагүй байсан юм. Харин 2009 онд 10 дугаар хороололд хөлбөмбөгийн талбай, өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмж, дүүргийн цагдаагийн хэлтэст шаардлагатай зүйлд зориулсан.
-
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хурлын танхимыг тохижуулахад хоёр сая төгрөг өгсөн байсан. Хангалттай тохижуулсан уу?
-Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хоёр өрөө хурлын танхим тохижуулах ажилд 35 сая төгрөг зарцуулсан. Манайд мөрдөн байцаах өрөөний стандарт гэж байдаггүй. Тэгсэн дарга нь өөрийнхөө төсөөллөөр тохижуулсан байсан. Миний төсөөлөлд хүрээгүй.
-2011 онд юу хийсэн бэ?
-Одоо Баянгол дүүрэгт 35 ортой хүүхдийн эмнэлэг барьж байгаа. Гэхдээ би үүнийг дангаараа хийгээгүй. Д.Энхбат гишүүн нэг тэрбумаа бас гаргаж байгаа. Цагаан сарын өмнө ашиглалтад оруулах бодолтой байна. Хүүхдийн эмч гэдэг том асуудал байна. Барилга, тоног төхөөрөмж нь бэлэн болсон хирнээ эмч нар нь олдохгүй байна. Уг нь эмч ажилтнуудыг нь олох ёстой.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн газар ажлаа хийхгүй байна. Үүний ард нь гарч ажиллая гэдэг хүн алга. Би тэдний ажлыг хийгээд эмч хайж байна. Инээдтэй жишээ хэлэхэд, хүүхдийн эмнэлгийг чинь зөвшөөрөхгүй гэж байна. Хүүхдийн эмнэлэг орон сууцнаас 100 метр зайтай байх стандарттай гэж Мэргэжлийн Хяналтаас хэлдэг. Гэтэл үе үеийн засаг дарга нь бүх газрыг нь зарсан. Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэг байхгүй. Тийм болохоор хүүхдийн эмнэлэг стандартыг нь зөрчих гээд байна гэсэн. Тэгэхээр нь яагаад Халдвартын хажууд клонкууд, том хороолол бариад байгаа юм бэ гэхээр дуугай болчих юм. Мэргэжлийн хяналтын хурган дарга нар тэгж хэлдэг юм. Тэгэхээр нь би Хотын дарга Г.Мөнхбаяртай энэ талаар ярилцлаа. Тэгэхэд Г.Мөнхбаяр дарга тийм зүйл байхгүй гэж байсан. Бид шинээр барьж чадахгүй болохоор эмнэлгийн стандартад нийцсэн хуучин байрыг тохижуулсан. Гэтэл бас суултуурын тоо нь стандартад хүрэхгүй байна гээд нэг дүрэм гаргаж ирсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг дээр аваачаад суултуурыг нь тооллоо. Тэгэхэд тэнд 20 хүнд нэг суултуур ногдохоор байсан. Гэтэл 35 хүүхдийн эмнэлэгт есөн суултуур байхад стандарт зөрчлөө гэх юм. Би тэр хүмүүсийг ямар зарчмаар ажлаа хийж байгааг ойлгоогүй.
Мөн дүүргийг бүтэн камержуулж байгаа. 2012 оныхоос дахиж 300 саяыг татаж байгаа. Үлдсэнээрээ 10 дугаар хорооллын ард зам болоод тохижилтын асуудлыг шийдэхээр ярьж байгаа.
-
Монгол улсын иргэд хоёр иргэншилтэй байх талаар та ямар бодолтой байдаг вэ?
Гадаадад иргэншилтэй болсон олон монгол хүн бий. Тэд эх орондоо ирэхдээ түр оршин суух бичигтэй, тодорхой заасан хугацаатайгаар амьдардаг. Зөвхөн монгол хүнээ хоёр улсын иргэн байхыг зөвшөөрсөн хууль гаргаж болох уу?
-Сайн бодох ёстой асуудал. Хоёр иргэншилтэй болгоно гэсэн хууль гарахад олон улсын түвшинд яаж хүлээж авахыг мэдэхгүй. Хоёр иргэншлийг зөвшөөрлөө гэхэд тусгаар тогтнолд нөлөөлөх үү? Өмнөд хөршийн иргэд монгол хүнтэй суучихаад Монгол Улсын иргэн болъё гээд хүрээд ирвэл яах вэ? Энэ бол бодох л асуудал. Тэрнээс биш хоёр иргэншлийг дэмжих, аль эсвэл үгүйсгэх тухай асуудал биш. Манай улс хоёр том хөрштэй хил залгаа. Гэхдээ манай эмэгтэйчүүд оросуудаас илүү өмнөд хөршийнхөнтэй их сууж байгааг судалгаа харуулдаг. Ер нь хоёр иргэншилтэй болох хууль батлагдсан тохиолдолд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Энэ бол АНУ, Франц, Англи, Япон, Солонгост байгаа монголчуудын асуудал биш. Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг нь улс төр, эдийн засаг, соёл нийгэм, хүний удмын асуудал ч хамаатай. Гадаадад амьдарч байгаа монгол хүний эрх ашиг хөндөгдөж байгаа юм шиг харагдах ч энэ нь Монгол улс үндэстэний эрх ашиг, оршин тогтнохтой шууд холбоотой асуудал.
-Манай “Шууд чат”-ад орж уншигчдын асуултад хариулсанд баярлалаа.Уншигчдаас асуугаасай гэсэн асуулт байна уу?
-Баярлалаа. Маш олон хүнтэй цахим ертөнцийн гудамжинд уулзлаа. Ийм боломж олгосон танай сайтын хамт олонд баярлалаа. Нэг дор олон хүнтэй уулзаж, асуултад нь хариулж, өөрийн санал бодлоо хуваалцлаа. Би нэг зүйлийг зарчим болгох гэж оролддог. Би бүх хүнд таалагдах албагүй. Өөрийн хүсч байгаа зүйлийг хийх юмсан гэж боддог. Насаараа УИХ-ын гишүүн болохыг хүсэхгүй байна.
Өнгөрсөн гурван жилд би маш их хөгширсан байна. Маш их бухимддаг болсон байна. Дахиад дөрөв, таван жил болвол хэцүү юм байна гэж бодсон. Улстөрөөс хамааралгүй амьдрахыг хүсч байгаа. Хийхийг хүссэн шинэчлэлээ хийчихвэл улстөрөөс хурдан холдоно. Тэгээд судалгаагаа хийгээд, их сургуульдаа хичээлээ заагаад, буурал академич болчихоод тайван амьдарна.
-Баярлалаа, Танд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ