МАН-ын III Бага хурал эхэллээ
МАН-ын III Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 90 орчим хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд үг хэллээ. Тэрбээр "Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2011-2031 он" сэдвээр илтгэл тавьж байгаа юм. Тус нам өнгөрсөн хугацаанд “Ард түмнээ сонсъё” аяныг 21 аймагт зохион байгуулж, иргэдийн дуу хоолойг сонссон. Энэ хүрээнд иргэдээс ирсэн санал, шүүмжлэл, хүсэлтүүдийг үндэслэн "Ард түмний хөгжлийн хөтөлбөр 2011-2031 он" хөтөлбөрийг боловсруулсан ажээ. Хөтөлбөрийг зөвхөн ард түмнийн хэлсэн ярьснаар бус эрдэмтэн судлаачид болон шилдэг мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж, боловсруулсан гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ хэлж байлаа. МАН-ын боловсруулсан хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 20 жилийн дараа Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 60 мянган ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарсан. Ирэх 20 жилийн хөгжлийн хөтөлбөрийг III Бага хурлаар баталж, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөр болгох юм.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ